НҮБ-ын ирэх 2 жилийн төсвийг 5,395 тэрбум ам.доллараар баталлаа. Төсвийн төслийн эцсийн хувилбарыг өчигдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас батлаад байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш ирэх 2 жилийн төсөвт 5,4 тэрбум ам.доллар баталж өгөх хүсэлт гаргаж байсан юм.
НҮБ-ын төсвийг тус олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн 193 орны татвараар бүрдүүлдэг юм. Харин тухайн орон ямар хэмжээний татвар төлөхийг төлбөрийнх нь чадвар, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох орлоготой нь харьцуулан тодорхойлдог байна. Нэг улсаас оруулах татварын хэмжээ нийт төсвийн 22 хувиас хэтрэх ёсгүй байхаар тогтоодог.
НҮБ-ын төсвийн ихэнх хувийг АНУ бүрдүүлдэг. Хэдийгээр АНУ олон улсын хамтын нийгэмлэг үргүй зардал их гаргаж байгааг шүүмжилдэг ч ирэх онд НҮБ-ын төсвийн 22 хувийг бүрдүүлэхээр болжээ. Мөн НҮБ-ын санхүүжилтийнхээ хэмжээгээр Япон Хятад улсууд удаалж байна. ОХУ-ын хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн нийт төсвийн 3 хувьтай тэнцэх татвар төлдөг байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааныхан НҮБ-д шинэтгэл хийхийг шаардаж байгаа. Ерөнхийлөгч Трамп олон улсын энэ байгууллага их мөнгө зарцуулж байгаа ч үр дүн нь улам бүр буурсаар байгааг шүүмжилж байсан.
Энэ хооронд Японы засгийн газар НҮБ ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн санхүүжилтээ сэргээхээр шийдвэрлэснээ зарлаад байна. Дэлхийн соёлын өвд Хятадын Нанжин хотод 1937 онд болсон аллагатай холбоотой баримт бичгүүдийг оруулсныг эсэргүүцэн Япон улс өнгөрсөн оны 10 дугаар сараас ЮНЕСКО-гийн санхүүжилтээ зогсоогоод байсан юм. Япон улс ЮНЕСКО-гийн төсөвт энэ он дуусахаас өмнө 35 сая ам.доллар шилжүүлэхээр болсон байна.
Токио ЮНЕСКО гийн нийт төсвийн 10,8 хувийг бүрдүүлдэг байсан учир санхүүжилтээ зогсоосон нь тус байгууллагад хүчтэй цохилт болж байсан юм. Японоос гадна АНУ, Канад, Израиль зэрэг хэд хэдэн орон Палестины автономит улсыг бүрэлдэхүүндээ нэгтгэснийг эсэргүүцэн ЮНЕСКО-гийн санхүүжилтээ 2011 оноос зогсоож байсан төдийгүй энэ онд тус байгууллагын эгнээнээс гарахаа мэдэгдсэн билээ.
| НҮБ-ын ирэх 2 жилийн төсвийu 5,395 тэрбум ам.доллараар баталлаа | ||
| Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.