Шууд Chart

Цасан шуурга, эрс хүйтрэлтэй холбоотойгоор Сахалин мужийн 3 хязгаарт онц байдал тогтоожээ

2017-12-29 11:50:34

Хүчтэй  цасан шуурга шуурч, цаг агаар  эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор ОХУ-ын Сахалин  мужийн 3 хязгаар нутагт өчигдрөөс эхлэн онц байдал тогтоогоод  байна. Энэ тухай Оросын онцгой байдлын яамны  бүс нутгийн удирдах газрын орлогч  Вячеслав  Мурнаев  хэвлэлийнхэнд  мэдэгдсэн  байна.  Өчигдрөөс Углегорск, Холмск, Томаринск  хязгаарт  онц  байдал  тогтоож  байна. Цаг агаарын таагүй байдлаас болж эдгээр дүүрэгт 8 мянга гаруй хүн  гэрэл цахилгаангүй нөхцөлд амьдарч  байгаа юм байна.

Хүчтэй цасан шуурганаас болоод  цахилгаан  дамжуулах  шугамуудад  гэмтэл гарсан  байна.  Шуурганы  хурд  секундэд  50  метрт хүрч  байсан  байна.  Их  хэмжээний цас орсноос  болж  байшин барилгын 1 давхрын  цонх хүртэл хунгарлаж байсан байна. Цаг агаар таагүйрхсэнтэй холбоотойгоор сургууль  цэцэрлэгийн хичээлийг  хаагаад  байна. Замуудад үзэгдэх орчин хязгаарлагдаж, даваа гүвээний замууд  цасанд  дарагдсанаас болж  хаагдчихаад  байна.  Онцгой  байдлын албаныхан  цасанд  суусан  автомашинууд, зорчигч тээврийн автобус зэргийг  татаж  гаргах,  хүмүүсийг  хүйтнээс аврах бүхий л арга хэмжээг  авч байна.   

Сахалин  мужийн  эрх баригчид   байгаль  цаг уурын  таагүй нөхцөлд байгаа хот  дүүргүүд рүүгээ  нэмэлтээр бензин шатахуун  илгээсэн  байна.  Зам нь хаагдсан  учир  шатахуун  бензинийх нь нөөц  дуусч  эхэлсэн  учир ийм арга хэмжээ  авсан  байна.   Цаг уурчдын мэдээлж  байгаагаар  Сахалины   төв  болон хойд  нутгаар   1,5 сар  орох хэмжээний цас нэг өдөр орсон  байна.  шэхдээ  маргаашнаас цаг агаар  сайжрах төлөвтэй  байгаа юм байна.  Мөн  Японы хойд  болон  төв нутгаар  цаг агаар  эрс  хүйтэрч,  цасан  шуургатай  байна.  Ангийн тэнгис дэх бага даралтын нөлөөгөөр хүчтэй шуурга  дэгдээд байгааг   мэргэжилтнүүд  мэдээлж байна.  Ямагата  мужийн Саката  хотод  л гэхэд  өчигдөр  цагт  107  кмийн хурдтай хүчтэй шуурга шуурчээ. 

Мөн  Нийгата, Нагано гээд  зүүн  хойд  нутгуудад  цас ихээр орсон  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цасан шуурга, эрс хүйтрэлтэй холбоотойгоор Сахалин мужийн 3 хязгаарт онц байдал тогтоожээ  
Үзсэн: 1780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй