Саяхан бид Энэтхэг улс төмөр замын салбартаа нарны эрчим хүчээр ажилладаг галт тэргийг салбартаа амжилттай нэвтрүүлсэн талаарх мэдээллийг хүргэж байсан. Харин энэ удаад үүнтэй холбоотой нэгэн шинэхэн мэдээлэл байна. Энэ бол Нарлаг Австрали улс нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан хөдөлгүүртэй галт тэргийг туршсан талаарх мэдээлэл юм.
Австрали хамгийн алслагдсан тив. Мөн үүнээс гадна нарны цацраг хамгийн их хүлээж авдаг бүсэд хамаарагддаг. Энэ ч утгаараа тус улсад нарны эрчим хүчний нөөц бололцоог ашиглан цахилгаан дамжуулах сүлжээг нарны энергиэс хүлээж авах технологийг өндөр хөгжүүлсэн улсын нэгт тооцогддог. Энэ хүрээнд тус улсын “Бэйрон Бэй” төмөр замын компани нарны эрчим хүчнээс тэжээл авдаг цахилгаан хөдөлгүүртэй галт тэргийг зохион бүтээж, салбартаа тун удахгүй нэвтрүүлэхээр болсон талаараа мэдээллээ. Эхний удаад туршиж үзсэн галт тэрэг бол тийм ч сүүлийн үеийн өндөр технологийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдаагүй харин хуучин загварын галт тэрэг аж.
Тийм ч учраас ердөө 3-4 км зам туулах боломжтой хэмээн онцолжээ. Хуучны загварын галт тэргийг Австралийн “Элмофо” нэртэй гарааны компанитай хамтран баг зэргийн техникийн шинэчлэлт хийж ийнхүү нарны эрчим хүчээр ажилладаг хэмжээнд хүргэжээ. Энэ бол ирээдүйд тус улс энгийн галт тэргийг хувирган зорчигч тээврийн эко хэрэгсэл болгох эхний алхам болсныг онцолжээ. Өмнө нь тус галт тэрэг энгийн дизель түлшээр ажилладаг хөдөлгүүртэй байсан бол цахилгаан хөдөлгүүрээр сольсон байна. Мөн эрчим хүч хуримтлуулагч батарей суулгаж өгчээ. Мэдээж галт тэрэгний бүхээгийн дээврийн хэсэгт нарны зайн хураагууруудыг тус тус байрлуулсан юм байна.
Эхний туршилтаар 3-4 км замыг туулж зочдод танилцуулсан ч гэлээ цахилгаан эрчим хүчний нөөцөө бүрэн ашигласан тохиолдолд бүтэн өдрийн турш явах боломжтой хэмээн мэдээлж байгаа юм. Ингэхийн тулд мэдээж галт тэрэгний буудал бүрт тусгай зориулалтын засаж тоноглосон цахилгаан төхөөрөмжтэй буудлуудыг барьж байгуулах шаардлагатай гэдгийг хэлсэн. Нэг удаагийн тээвэрлэлтээрээ 100 хүртэлх зорчигч авч явах багтаамжтай, харин нэг хүний тасалбарын үнэ ердөө 3 ам.доллар байх болно гэжээ. Ирэх 2018 оны 1-р сар хүртэл Австралийн “Бэйрон Бэй” төмөр замын компани тус нарны эрчим хүчээр ажилладаг галт тэргээ туршилтын хүрээнд тодорхой хэдэн чиглэлүүдэд явуулж байхаар болсон. Харин үүний дараагаар компанийн удирдлагууд салбарт нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ илэрхийлсэн байна.
| Австралид нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан галт тэргийг туршжээ | ||
| Үзсэн: 2013 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.