Шууд Chart

Иранчуудын тэмцэл 21 хүний аминд хүрлээ

2018-01-03 17:29:22

Өнгөрсөн пүрэв гариг буюу 12-р сарын 28-наас Ираны томоохон хотуудад засгийн газраа эсэргүүцсэн олон зуун хүн жагсаж бусад улс орнуудын зөрчлөөс илүүтэйгээр Ираны ард иргэдэд хөрөнгө мөнгөө зарцуулахыг шаардаж байна. Исламын шашинтай Иран улсад улс төрийн иймэрхүү жагсаал цуглаан болох нь ховор. Гэхдээ энэ удаад Иранчууд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцэж, 2009 оноос хойш анх удаа хамгийн том эсэргүүцлийн давалгааг бий болгоод байна.

2009 онд Иранчууд өөрчлөлт шинэчлэлтийг дэмжиж улс орон даяар үймээн дэгдээж байсан юм. Эсэргүүцлийн жагсаал он дамжиж Ираны залуучууд нийслэл Тегеран хотын төв талбайд эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлж байна. Энэ жагсаалын улмаас амиа алдсан хүний тоо 21-т хүрч 451 хүнийг баривчлаад байна.

Одоогоор Ираны засгийн газар эсэргүүцлийн хүч хэрэглэсэн хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авч эсэргүүцлийн давалгаа үүсгэхийг уриалж байгаа инстаграм телеграм зэрэг зарим нийгмийн цахим сүлжээг түр хааж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд Иранд бий болсон ажилгүйдэл үнийн өсөлт, авилга хээл хахууль төрийн гадаад бодлогод чиглэсэн хөрөнгө мөнгөний урсгал зэрэг нь Иранчуудыг бухимдуулж тэмцэл хийхэд хүргэсэн байна.

Иранд ажилгүйдэл 12,4 хувьтай байгаагын дийлэнх нь дөнгөж дээд сургуулиа төгссөн залуус эзэлж байна. Ираны 7 том хотод өрнөж байгаа энэ жагсаалд нийт хичнээн хүн оролцож байгаа нь тодорхойгүй байгаа ч Ираны орчин үеийн түүхэн дэх хамгийн том жагсаалд тооцогдож байна. Ираны цагдаагийн газар өчигдөр өглөөнөөс эхлээд нийслэл Тегеран хотын төв талбай болон бусад гол обьектуудын бүсэд хамгаалалтын нэмэлт хүч гаргасан байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иранчуудын тэмцэл 21 хүний аминд хүрлээ   
Үзсэн: 1187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй