Ираны зэвсэгт хүчний элит анги болох Исламын хувьсгалыг хамгаалагч корпусын командлагч генерал Мохаммад Али Жафари тус бүгд найрамдах улсын хотуудад дэгдсэн үймээн самуун дууссан болохыг зарлалаа гэж “Фарс” агентлаг уламжилж байна.
“Ираны эсрэг ямар ч заналхийлэл, тэр тусмаа цэргийн, аюулгүй байдлын гэх мэт заналхийлэл огт үйлчлэхгүй гэдгийг манай дайснууд мэдэх ёстой. Өнөөдөр бид үймээн самуун дуусаж, босогчид дарагдсаныг зарлаж байна” гэж генерал Жафари мэдэгдлээ. Тэрбээр тус улсын зарим нэг хотуудад өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн эмх замбараагүй байдал, эсэргүүцлийн ажиллагаа, жагсаал цуглааныг ийнхүү “үймээн самуун” хэмээн нэрлэлээ. Тэрээр, цагдаа болон тусгай хүчнийхэн гудамжны эсэргүүцэл дэгдсэн нийслэл Тегеран болон бусад хотуудад байдлыг хяналтдаа бүрэн авсан болохыг мэдэгдэж байна. Эрх баригчдын энэ үймээн самуун гээд байгаа зүйл нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэд үнийн өсөлтөд дургүйцэж эсэргүүцлээ илэрхийлснээс эхэлж, удалгүй улс төрийн шинжтэй болж ирсэн явдал юм. Ираны удирдлага шударга шаардлага тавьж, эсэргүүцлээ илэрхийлэх нь хүмүүсийн салшгүй эрх гэдгийг хүлээн зөвшөөрөхийн хажуугаар АНУ болон тэдний холбоотон Саудын араб, Израилийг улс орны байдлыг тогтворгүй болгох оролдлого хийсэнд буруутгаж байна.
Жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний улмаас 20-иод хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний дотор цагдаагийн ажилтнууд байгаа юм. Ираны эрх баригчид 450-иад хүнийг саатуулаад байна. Дэлхийн улс орнууд Иранд дэгдсэн асуудлыг янз бүрээр хүлээн авч байна. Тухайлбал, ОХУ-ын гадаад яам Иранд дэгдсэн үймээн самууныг Исламын улсын дотоод хэрэг гээд цус асгаруулалгүй намжаана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Туркийн гадаад хэргийн сайд Мевлет Чавушоглу, Трамп болон Нетаньяхуг засгийн газрын эсрэг жагсагчдыг дэмжсэнд буруутгаж, Ираны тогтвортой байдал Турк улсын хувьд чухал гэдгийг онцоллоо. Иракийн дэд ерөнхийлөгч Нури аль Малики, Ираны дайснууд тус улсад үймээн дэгдээхийг завдсан ч энэ нь Иран улсын дотоод хэрэг гэж үзэж байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш эсэргүүцлийн үеэр хүний амь нас хохирсонд харамсаж байгаагаа илэрхийлж, аль болох хүчирхийллээс зайлсхийхийг уриаллаа.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, "Ираны удирдлага ард олны өмч хөрөнгийг террорист үйл ажиллагаанд зориулж байгаа цагт олныг хамарсан эсэргүүцэл дэгдсэн нь гэнэтийн зүйл биш, хэзээ нэгэн цагт ийм зүйл болох байсан. Харин ч иранчууд удаан тэслээ. Цаг нь болмогц тэдэнд тусална" гэж амлаж байна. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус улс Иранд болсонд үйл явдалд огт холбогдолгүй гээд хэзээ нэгэн цагт Ираны дэглэм нуран унах үед иранчууд, израильчууд эргээд сайн нөхөд болно гэдгийг цохон тэмдэглэж байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Ираны ерөнхийлөгчид “тайван, хүлээцтэй” байхыг уриалж, эсэргүүцлийн үеэр олон хүн амь үрэгдэж, олон хүнийг барьж саатуулсанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийллээ.
| Ираны цэргийнхэн үймээн самуун дуусаж, босогчид дарагдсан болохыг зарлалаа | ||
| Үзсэн: 1618 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.