Орхон аймгийн гэр хорооллын багуудаас төлөөлөл болгож, 48 айлд усан болон цахилгаан халаагуурыг аймгийн байгаль орчны газраас үнэ төлбөргүй олгов. Дээрх айлын 45-д нь цахилгаан, гуравт нь Монгол инженерүүдийн зохион бүтээсэн усан халаагуур өгсөн юм. Одгийн байдлаар туршилтаар эхний 48 айлд өгч байгаа бөгөөд үр дүн гарвал нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажээ.
Тус аймагт өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төслийн зуух, цахилгаан халаагуур дулаан баригч зэргийн үзэсэлэн худалдааг хоёр удаа зохион байгуулсан. Эдгээр үзэсгэлэнд иргэдээс хамгийн өндөр оноо авсан цахилгаан халаагуурыг иргэдэд туршилтаар олгож эхэллээ.
Өмнөх жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан зуух, түлш олгох ажлыг зохион байгуулдаг байсан. Энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа тул энэ оноос цахилгаан болон усан халаагуурыг туршиж байгаа гэж БОАЖГ-ын мэргэжилтэн хэлэв.
Гэр хороололд утаа хамгийн их ялгарах үе нь хоол хийх болон гэрээ халаах үед байдаг учраас сайжруулсан зуух хэрэглэдэг, мөн хоёр тарифт тоолуур суурьлуулсан айл өрхийг сонгон авч цахилгаан халаагуурыг үнэ төлбөргүй өгч байна.
Мөн “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд Дэлхийн банкнаас төсөл хэрэгжүүлж алслагдсан багийн цахилгааны уналтыг багасгахаар ажиллаж байгаа. Ингэснээр ойрын хоёр жилийн хугацаанд хотын хэмжээнд цахилгааны хүчдэл унах асуудлыг бүрэн шийдвэрлэх юм.
Ийнхүү цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудал шийдэгдэх тул цахилгаан халаагуурыг гэр хорооллын айлуудад нэвтрүүлж агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж үзэж байна.
Лампан импра туяаны цахилгаан халаагуур нь цахилгаан зарцуулалт бага. 3, 2, 1.5 Ват-ын хүчин чадалтай. Хүчин чадлаасаа хамаарч халаах талбайн хэмжээ нь харилцан адилгүй бөгөөд нэг бүрийн өртөг нь 145-280 мянган төгрөг юм.
Өнөөдрийн халаагуур авсан айл өрхүүд бүгд цахилгааны хоёр тарифт тоолуурт хамрагдсан гэдгийг мөн онцоллоо.
БОАЖГ-аас халаагуур авсан айлуудын цахилгаан, нүүрсний хэрэглээнд судалгаа хийснээр цаашид гэр хороололд нэвтрүүлэх эсэхээ шийдэхээр төлөвлөжээ.
| Орхончууд эхний хугацаанд 48 айлд усан болон цахилгаан халаагуур туршихаар болов | ||
| Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.