АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 оны сонгуулийн үеэр гарсан будлиан луйврыг мөрдөн шалгаж байсан Дотоод хэргийн яамны тусгай хороог татан буулгасан байна. Энэ тухайгаа Ерөнхийлөгч Трамп өчигдөр гаргасан мэдэгдлээрээ дамжуулан мэдээлсэн юм.
Сонгуулийн үеэр олон тооны зөрчил, луйвар гарсан ч олон муж шударга сонгуулийн асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн хорооны мөрдөн шалгах ажиллагаанд шаардлагатай мэдээллийг өгөхөөс татгалзсан байна. Тиймээс татварын мөнгийг үрж эцэс төгсгөлгүйгээр шүүхийн тулаанд оролцохыг хүсэхгүй байгаа тул энэ хороог татан буулгахаар шийдсэнээ Ерөнхийлөгч Трамп тайлбарласан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн 5-р сард 2016 оны сонгуулийн үеэр ихээхэн будлиан луйвар гарсан гэж мэдэгдсэнийхээ дараа зарлиг гаргаж ийм тусгай хороо байгуулсан юм.
Ерөнхийлөгч Трампын зарлигийн дагуу тус хороо нь Холбооны сонгуулиудын санал өгөх үйл явцыг судлах, Ерөнхийлөгчид санал хураалтын үйл явцад итгэх итгэлийг бэхжүүлэхэд чиглэгдсэн зөвлөмж, дүн шинжилгээг танилцуулах ёстой байсан юм. Мөн сонгогчдыг бүртгэхээс авхуулаад санал хураалтын үед элдэв зөрчил будлиан гарах эмзэг газруудыг нь илрүүлж арилгах үүрэгтэй байсан юм. АНУ-д сонгуулийн зохион байгуулах ажлыг орон нутгийн эрх баригчид хариуцдаг юм. Дональд Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж гэнэтийн ялалт байгуулсныхаа дараа өрсөлдөгч олон сая хуурамч саналыг Хиллари Клинтонийх хэмээн тоолуулсан гэж мэдэгдэж байсан ч баримт нотолгоог дэлгэж байгаагүй юм.
Энэ хооронд Ерөнхийлөгч Трампын сонгуулийн штабыг удирдаж байсан Пол Манафорттой холбоотой мэдээллийг хэвлэлүүд мөн өнөөдөр онцолж байна. Тэрээр Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлсөн гэж хэргийг мөрдөн шалгаж байгаа тусгай прокурор Роберт Мюллерийг шүүхэд өгсөн байна. Манафортийн өмгөөлөгчид Мюллерийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн баталж байна. Манафорт болон түүний бизнесийн хамтрагч Рик Гейтс нарыг Мюллерийн багийнхан 12 зүйл ангиар буруутгаад байгаа юм. Түүний дотор АНУ-ын эсрэг үгсэн хуйвалдсан, мөнгө угаасан зэрэг хэргээр буруутгагдсан юм.
| Ерөнхийлөгч Трамп 2016 оны сонгуулийн үеэр гарсан луйврыг мөрдөн шалгаж байсан хороог татан буулгалаа | ||
| Үзсэн: 1721 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.