Шууд Chart

Дональд Трамп: Миний цөмийн товчлуур Ким Жон Ун-ыхаас илүү том, арай хүчирхэг...

2018-01-07 10:56:44

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудсандаа, Миний цөмийн товчлуур Умардын удирдагч Ким Жон Ын-ыхаас “илүү том, арай хүчирхэг” хэмээн мэдэгдлээ. Ийм аргаар тэрээр "цөмийн товчлуур нь хэзээд гар дор бэлэн байдаг" гэсэн БНАСАУ-ын залуу удирдагчийн хэлсэн үгэнд хариу барьж байна.

Шинжээчид энэ бүгдийг хоёр удирдагчийн үгэн сөргөлдөөн хэрээс хэтэрсэн, тэгээд ч Трампын энэ авир нийгмийн сүлжээнд хэлэлцүүлгийн гол сэдэв болоод байгааг тэмдэглэж байгаа юм.

Д.Трамп “Умард Солонгосын удирдагч цөмийн товчлуур нь хэзээд ажлын ширээн дээр нь гар дор бэлэн байдаг гэлээ. Тэгвэл надад ч гэсэн цөмийн товчлуур байдаг, миний товчлуур тэрний товчлуураас арай том, илүү хүчтэй, байнгын ажиллагаатай гэдгийг түүнд хэлээд өгөх хүн байна уу” гэж  бичсэн байна.



БНАСАУ цөмийн зэвсэгтэй, үүнийгээ АНУ-ын эсрэг ашиглаж болзошгүй гэж мэдэгдэж байгаа ч судлаачид "Пхеньян үнэхээр цөмийн зэвсэгтэй, гэхдээ цөмийн зэвсгээ хэрхэн яаж хүргэх технологи байгаа гэдэг нь эргэлзээтэй" гэж үздэг. Сүүлийн үед нийгмийн сүлжээг хэрэглэгчид дэлхийн удирдагчид цөмийн дайн дэгдээхүйц зүйлийг ямар ч бодолгүй, болгоомжгүйгээр ярьж байгаад сэтгэл багагүй түгшиж байна.

Гэвч Трампыг дэмжигчид түүний энэ харилцааны хэв маягийг хамгаалж, ерөнхийлөгчийн тайлбар нь нэгд, бодит үнэнийг илтгэсэн, хоёрт: АНУ-ын хүч чадлыг илтгэж байгаа юм хэмээн үзэж байна.

Үүнтэй зэрэгцэн сүүлийн үед Ким Жон Ын үнэхээр л дэлхийн нийтийг гайхшруулж байна. Тэрбээр ард иргэддээ хүргэсэн шинэ жилийн мэндчилгээндээ гэнэт "Өмнөд Солонгостой харилцан ярилцахад бэлэн" байгаагаа, мөн БНАСАУ-ын шигшээ багийг урд хөршид нь болох өвлийн Олимпд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Магадгүй өвлийн Олимп умард болон өмнөдийн хооронд харилцааг сайжруулах шалтаг болж болохыг БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин хэлсэн. Үүнтэй холбогдуулан Сөүл ирэх долоо хоногт талуудын хооронд өндөр төвшний уулзалт хийх санал тавьсан бөгөөд Пхеньян үүнийг нааштай хүлээн авсан. Ийнхүү хоёр орны сайд нар ирэх долоо хоногийн мягмар гарагт дундын бүсэд уулзахаар болоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп: Миний цөмийн товчлуур Ким Жон Ун-ыхаас илүү том, арай хүчирхэг...  
Үзсэн: 1586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй