Шууд Chart

Хятад улс Ираны дотоод хэрэгт оролцохгүй байхыг уриаллаа

2018-01-07 12:45:56

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Иран улсын дотоод хэрэгт оролцохгүй байхын хажуугаар тус улсад хүний эрхийн асуудал ямар байгааг ч хэлэлцэх ёсгүй гэж НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч У Хайтао мэдэгдлээ. Тэрээр, "Хятад улс Иранд болж байгааг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Ираны засгийн газар болон ард түмний дэмжлэгтэйгээр Иран улсад байдал тогтворжино гэдэгт итгэж байна" гэсэн байна.

“Ираны нөхцөл байдал олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлээгүй, тэгээд ч энэ асуудлыг Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцэх асуудалд тусгаагүй” гэдгийг дипломатч тэмдэглээд, “НҮБ-ын дүрмээр бол Аюулгүйн зөвлөлийн гол үүрэг бол энх тайван, аюулгүй байдал сахих явдал, иймээс Аюулгүйн зөвлөл аль нэг улс орны дотоод байдлыг, хүний эрхийн асуудлыг хэлэлцэх ёсгүй” гэдгийг санууллаа. Иранд өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-наас хойш засгийн газрын эсрэг эсэргүүцэл дэгдсэн. Жагсаал цуглаанд оролцогчид эхлээд үнийн өсөлт, аж ахуйн газрууд дампуурч байгаад дургүйцлээ илэрхийлсэн ч тун удалгүй улс төрийн шинж чанартай болж, дэглэмийн эсрэг болж хувирсан. Жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр 45 хүн, эдний дотор цагдаагийн ажилтнууд амь үрэгдсэн. Ираны эрх баригчдын мэдээлснээр, 450-иад хүнийг эмх замбараагүй байдалд оролцсоны төлөө баривчилсан. Эдгээр хүмүүсийн хэргийг тун удахгүй шүүнэ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр Ираны асуудлаар ээлжит бус хуралдаан хийсэн. Их Британи, Франц зэрэг өрнөдийн орнууд Иранд эсэргүүцэгчдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол улс оронд бий болсон нөхцөл байдал олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн гэдэгтэй санал нийлэхгүй байна. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя энэ талаар хэлэхдээ, АНУ-ыг дэлхий дахинд энх тайван тогтоох том хариуцлага хүлээсэн Аюулгүйн зөвлөлийн нэр хүндийг унагаж байгаад буруутгаж, хэрвээ байдал цаашид ийм маягаар үргэлжлэх юм бол Аюулгүйн зөвлөл АНУ болон өрнөдийн бусад улс орнуудад болж байгаа эсэргүүцлийг хүртэл хэлэлцэх, шүүх талбар болж байгааг анхаарууллаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад улс Ираны дотоод хэрэгт оролцохгүй байхыг уриаллаа  
Үзсэн: 1538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй