Шууд Chart

Пхеньян энэ оны гол зорилтоо Сөүлтэй харилцаагаа сайжруулах гэж тодорхойллоо

2018-01-12 11:08:34

БНАСАУ энэ оны гол зорилтоо БНСУ-тай харилцаагаа сайжруулах явдал хэмээн харж байгаа тухай ОХУ-д суугаа тус улсын элчин сайд Ким Хён Чун Оросын сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдлээ.

Элчин сайд “Энэ онд бидний өмнөө тавих гол зорилт бол Умард болон Өмнөдийн хоорондох харилцааг сайжруулах явдал төдийгүй нэгдлийн төлөө тэмцэлд шинэ эрин үеийг нээх явдал юм” гэж хэлэв.

Тэрбээр “2018 он тэмдэглэлт үйл явдлаар өрнүүн байна. Бид Бүгд найрамдах улс үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. Өмнөдийн хувьд тэд өвлийн олимпийг зохион байгуулна. Иймээс энэ он хоёр улсын хувьд чухал ач холбогдолтой” гээд “Удирдагч Ким Жон Ын шинэ жилийн мэндчилгээндээ Умард болон Өмнөд хооронд цэрэг дайны хурцадмал байдлыг арилгаж, хоёр орны хооронд энх тайвны уур амьсгал тогтоох нь чухал зорилтын нэг гэдгийг тэмдэглэсэн. Иймээс Өмнөд Солонгос АНУ-тай цэргийн хамтарсан сургуулилт хийхээс татгалзаж, өөрийн нутаг дэвсгэртээ АНУ-ын орчин үеийн зэвсэг техник байрлуулахгүй байх хэрэгтэй. Тэд ингэж чадвал Умард Солонгос Солонгосын хойгийн байдлыг хурцатгаж байгаа алхмаасаа татгалзана” гэлээ.

Түүнчлэн цааш нь хэлсэн үгэндээ “Пхеньян болон Сөүл хоорондын асуудлыг зөвхөн БНАСАУ болон БНСУ-ын төлөөлөгчид л шийдэх ёстой” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. “Умард болон Өмнөд хоорондын харилцааны асуудал бол солонгос үндэстний дотоод асуудал. Энэ асуудлыг шийдэх эзэд нь солонгосчууд өөрсдөө. Иймээс дотоод асуудлаа бид үндэстэн дотроо шийдэх ёстой гэдгийг хэзээ ч мартаж болохгүй” гэдгийг Умардын дипломатч онцоллоо.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Пёнчаны өвлийн Олимп бол солонгос үндэстний нэгдмэл баяр. Иймээс бид өвлийн Олимпыг амжилттай зохион явуулах үйл хэрэгт оролцоход бэлэн байна. Тэгээд ч Пхеньян хэнд ч цөмийн зэвсгээр заналхийлээгүй. Гэхдээ аливаа сүрдүүлгэд шийдвэртэй хариу барина” гэлээ.

Энэ сарын 9-ний өдөр Умард болон Өмнөд Солонгосын хоорондох харилцааг сайжруулахад чиглэсэн эхний шатны яриа хэлэлцээ болсон. Солонгос хоорондын яриа хэлэлцээ 2015 оны 12-р сараас хойш тасраад байсан. Яриа хэлэлцээний дүнд талууд хоёр орны цэргийнхэн хооронд утсан харилцааны шууд шугамыг сэргээж, хоёр орныг заагалдаг цэрэггүй бүс дагуу байдлыг намжаах уулзалт хийхээр тохирсон.

Мөн Пхеньян ирэх хоёрдугаар сард Пёнчанд болох өвлийн Олимпод Засгийн газрын, соёл урлаг, спорт, таэквандогийн баг тамирчид, дэмжигчдийн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид илгээхээр болжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр Пхеньян ээлжит пуужингийн туршилт хийснээр Солонгосын хойгийн байдал эрс хурцадсан билээ.

Умардын Засгийн газрын мэдээлснээр туршин харвасан шинэ төрлийн “Хвасон-15” пуужин нь 53 минут нисэхдээ 4500 километрийн өндөрт гарч, 950 километр алс ниссэн. Мөн энэ пуужин цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадамжтай бөгөөд АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгт хүрнэ гэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пхеньян энэ оны гол зорилтоо Сөүлтэй харилцаагаа сайжруулах гэж тодорхойллоо  
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй