АНУ удахгүй болох Умард Солонгосын асуудлаарх Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар БНАСАУ-д хүрч байгаа далайн тээврийн замд хяналт тавих арга хэмжээг хэлэлцэхээр төлөвлөж байна. Төрийн департаментын улс төрийн төлөвлөлтийн газрын захирал Брайан Хук энэ тухай мэдэгдлээ.
Брайан Хук “Бид БНАСАУ руу, мөн тэндээс бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа, үүгээрээ Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг дэмжиж байгаа хөлөг онгоцны хөдөлгөөнд саад хийх аливаа арга хэмжээг судалж байна” гэдгийг цохон тэмдэглэж, “Ийм арга хэмжээ Умард Солонгосын ямар нэг нөөц боломжид хүрэх гарцыг хаана” гэж тайлбарлалаа.
Брайан Хукийн хэлж байгаагаар "Ванкувер хотноо болох уулзалтад ОХУ болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нарыг уриагүй. Вашингтон хожим уулзалтын үр дүнгийн талаар Москва болон Бээжинд танилцуулахаар болжээ.
АНУ-ын талаас Умард Солонгосын эргэн тойрны асуудлаарх энэ уулзалтад Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис хоёр оролцоно. Уулзалт энэ сарын 16-нд Ванкувер хотноо болох бөгөөд уулзалтыг АНУ, Канад хоёр зохион байгуулж байна.
Яриа хэлэлцээнд Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, Шведийн төлөөлөгчдөөс гадна цэрэг арми нь 1950-1953 оны Солонгосын дайнд НҮБ-ын далбаан дор оролцож байсан Австрали, Бельги, Их Британи, Колумб, Этиоп, Франц, Грек, Люксембург, Нидерланд, Шинэ Зеланд, Филиппин, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Тайланд, Туркийн төлөөлөгчид оролцох юм байна.
| АНУ БНАСАУ-д хүрч байгаа далайн тээврийн замыг хянахыг хүсэж байна | ||
| Үзсэн: 1710 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.