Францын батлан хамгаалахын сайд хатагтай Флоранс Парли “Либерасьон” сонинд өгсөн ярилцлагадаа, Францын 500-600 иргэн “Исламын улс” террорист бүлэгт хүчин зүтгэж байгааг зарлалаа. Мөн 300-аад хүн алагдсан гэдгийг сайд онцолсон байна.
Сири болон Иракт “Исламын улс” террорист бүлэг ялагдал хүлээж, тус бүлэгт хүчин зүтгэж байсан гаднын иргэд, хөлсний алуурчид орох оронгүй болж, эх нутагтаа очихоос өөр аргагүй байдалд ороод байгаа. Одоо дэлхийн улс орнууд энэ тал дээр сэтгэл түгшиж, терроризмын эсрэг хамтран тэмцэхийг улс орнуудад уриалж байна. Франц улс ч гэсэн энэ хүндрэлтэй тулгарч байгаа юм. Сайдын хэлж байгаагаар, 2017 онд исламын байлдагч байсан 20-иод хүн Францад эргэн ирсэн бөгөөд тусгай хүчин, тагнуулын байгууллага тэднийг хараа хяналтдаа авсан байна.
“Олзлогдсон Францын иргэн исламын байлдагчид өөрсдийг нь Франц улс руу шилжүүлэхийг хүсдэг юм байна. Гэвч энд өөрийнх нь нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өөрийн хуулиар шийтгэх орон нутгийн эрх баригчдын хүслийг зүгээр өнгөрөөж болохгүй” гэдгийг сайд цохон тэмдэглэж байна. Үүнээс гадна хатагтай Парли Иракт олзлогдсон Францын иргэн исламын байлдагчдад цаазаар авах ял оноож болох аюулын талаар тайлбар хийхдээ, “Франц улс зарчмын хувьд хэзээд цаазын ялын эсрэг. Дэлхий даяар террористуудтай холбоотой Францын иргэд гэмт хэрэг үйлдсэн бол ялын дээд хэмжээ авах эрсдэл бий. Манай дипломатууд тэдэнд зохих ёсны дэмжлэг үзүүлдэг. Гэвч улс орон бүр өөрийн гэсэн хуультай шүү дээ” гэжээ.
| “Исламын улс” террорист бүлэгт нэгдсэн франц иргэдийн тоог зарлалаа | ||
| Үзсэн: 1286 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.