Шууд Chart

Солонгосын хойгийн асуудлаарх гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэллээ

2018-01-17 12:58:54

Канадын Ванкувер  хотноо Солонгосын хойг дахь  аюулгүй, тогтвортой байдлын  асуудлыг хөндөх   гадаад хэргийн сайд  нарын уулзалт эхэллээ.  АНУ,  Канадын гадаад хэргийн яам энэхүү уулзалтыг зохион байгуулж  байна.  ОХУ,  Хятад  улсуудын  хувьд  энэ  уулзалтад  оролцох  урилга  хүлээн аваагүйгээ мэдэгдэж  байгаа.  Түүгээр  ч зогсохгүй Ванкуверийн энэ  уулзалт  Пёнчаны олимпын наадамтай  холбоотойгоор хоёр Солонгосын  харилцаанд гарч байгаа эерэг өөрчлөлтүүдэд  саад   болж  болзошгүйг анхааруулж  байна.

Ванкуверийн уулзалтад оролцогчид  Умард  Солонгост   дарамт  шахалт үзүүлэх  шинэ  арга  хэмжээнүүдийн  талаар, түүний  дотор  НҮБ-ын  Аюулгүйн зөвлөлийн тогтоол шийдвэргүйгээр тус улсыг  далай  тэнгисээр  бүслэн хаах  асуудлыг хөндөж  хэлэлцэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна. АНУ-ын  Төрийн  департаментын гадаад  бодлогын  төлөвлөгөөний  газрын  тэргүүн  Брайан  Хук  Ванкуверийн уулзалт  нэгдүгээрт, Умард Солонгосын  аюул  заналхийллийг  дипломат аргаар  зохицуулахад  олон улсаар шийдвэр  төгс  байгааг илэрхийлэх,  хоёрдугаарт, Умард  Солонгост  шахалт  дарамт  үзүүлэх  механизмыг  бий  болгох  зорилготойг  онцлон  мэдэгдсэн  байна. 

Ванкуверийн уулзалтад  нийт  20  орны  гадаад хэргийн  сайд нар оролцохоор тус хотод  ирээд  байгаа аж.  Олон  улсын  мэргэжилтнүүд хоёр Солонгосын харилцаанд  дулаарал  ажиглагдаж байгаа энэ цаг үед Ванкуверийн уулзалт  сөрөг  үр дагавартай гэж  дүгнэж  байна.  АНУ дарамт  шахалтаа  нэмэгдүүлэхийг хүсч  буй  улс  орнуудын  эвсэл  байгуулж  байгаа  мэт л  харагдаж  байна гэж тодорхойлсон.

Мөн Орос, Хятадын   дипломатчид   Ванкуверийн уулзалтын  эсрэг  байгаагаа  шууд  илэрхийлсэн.  ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров  л гэхэд  энэ  уулзалтыг  хортой  хэмээн  тодорхойлсон  байна. Хятадын гадаад хэргийн яамны  албан  ёсны  төлөөлөгч  Лу Кан  мөн  Хятад  улс   энэ  уулзалтад  оролцоогүй  нь  нэгд   хүйтэн  дайны  үеийн  ийм сэтгэлгээ  нь  олон улсын хамтын  нийгэмлэгийнхний  хооронд  санал  зөрөлдөөн  үүсгэнэ гэж   үзэж  байгаатай,  мөн  Солонгосын  хойгийг  цөмийн  зэвсэггүй  бүс болгоход  чиглэгдсэн энхийн, хамтарсан хүчин  чармайлтыг  сулруулна гэж үзэж байгаатай  нь  холбоотойг  мэдэгдсэн  юм.  Мөн  Хятадын  тал  Солонгосын хойгийн   өнөөгийн  нөхцөл  байдал  онц хүнд,  эмзэг байгаа учир  талууд  яриа хэлэлцээг  урагшлуулах чиглэлээр илүү  хүчин  чармайлт гаргах хэрэгтэйг  сануулж  байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Солонгосын хойгийн асуудлаарх гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэллээ  
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй