Сербүүдийн удирдагчдын нэг Оливер Ивановичийн амь насанд халдсан хэрэг өнгөрсөн мягмар гарагт Косовска Митровиц хотод гарсан байна. Иванович нь Сербийн Эрх чөлөө, ардчилал, үнэн намын тэргүүн бөгөөд намынхаа байр руу орж явах үед нь буудсан байна. Тэрээр Сербийн засгийн газар Косова Метохийн асуудал эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байсан юм байна. Мөн 1999-2000 оны хооронд Косово Метохид Албаничуудын эсрэг цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр хоригдож байгаад эрүүл мэндийн шалтгаанаар суллагдаж байсан юм.
Гэвч өнгөрсөн онд анхан шатны шүүхийн шийдвэрийг нь хүчингүй болгосон ч дахин түүний эсрэг шүүх ажиллагааг эхлүүлээд байсан юм. Косовогийн удирдагч Хашим Тачи түүний амь насанд халдсан хэргийг сайтар мөрдөн шалгаж, гэм буруутанг нь шүүхэд шилжүүлэхээ амлаж, холбогдох албаныхандаа үүрэг өгөөд байгаа аж.
Энэ хэрэг Серб, Косово улсуудын яриа хэлэлцээнд тээг саад болж харилцаа нь эргэн хурцдахад хүргэж болзошгүй гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна. Сербийн ерөнхийлөгч Александр Вучич энэхүү Сербийн улс төрчийн амь насанд халдсан хэргийг террорист халдлага, тус улсын нийт ард түмний эсрэг халдсан хэрэг хэмээн тодорхойлж байгаагаа мэдэгдээд байна. Косово дахь олон улсын байгууллагуудын төлөөлөгчид орон нутгийн эрх баригчдаас гэм буруутай этгээдийг нэн даруй илрүүлж шүүхэд татахыг шаардаж байна. ОХУ энэ хэргээс болж террорист аюул заналхийлэл нэмэгдэж, бүс нутагт үндэстэн хоорондын мөргөлдөөн дахин сэргэх вий гэдгээс болгоомжилж байгаагаа илэрхийлж байна.
| Сербийн улс төрчийн амь насанд халдсан хэрэг гарчээ | ||
| Үзсэн: 2094 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.