Украины Дээд Рад түр эзлэгдсэн Донецк, Луганск мужуудын газар нутагт улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хангах тухай төрийн бодлогын онцлогийн тухай нэртэй хуулийн төслийг баталлаа. Энэхүү хуулийг нь Донбассыг дахин нэгтгэх тухай Ерөнхийлөгчийн хууль гэж нэрлэж байна.
Дээд Радын 280 гишүүн дэмжиж санал өгснөөр тус хуулийн төслийг баталсан тухай Украины парламентын дарга Андрей Парубий мэдэгдсэн юм. Хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг өнгөрсөн оны 10 дугаар сарын 6-нд болж, нийт 700 гаруй нэмэлт өөрчлөлт оруулж байсан юм. Энд дангаар тусгаар тогтнолоо зарласан Украины зүүн нутаг дахь Бүгд найрамдах улсуудыг эзлэн түрэмгийлэгдсэн газар нутаг гэж нэрлэсэн байгаа бол ОХУ-ыг түрэмгийлэгчид гэж тодорхойлжээ. Хуулийн төсөлд Москвагаас дипломат харилцаагаа тасалж, Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудыг террорист байгууллага гэж хүлээн зөвшөөрөх санаачлага багтсан байсан ч эцсийн хувилбарт хассан байна.
Тус хуулиар Украины ерөнхийлөгчид улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд Донбасст зэвсэгт хүчнээ оруулах эрх олгож байгаа аж. Энэ нь Украины зүүн нутагт дайн зарлалгүйгээр цэрэг, армиа оруулах боломжийг хуульчилж өгсөн гэсэн үг юм. Өнөөдөр Радын баталсан энэ хуульд тус улсын ерөнхийлөгч Порошенко гарын үсэг зурсаар хүчин төгөлдөр болох ёстой. Украины Ерөнхийлөгч Порошенко тус хууль батлагдсаныг Донбасс, Крымд өгч байгаа дохио сануулга хэмээн тодорхойлж байгаагаа Твиттер дэх хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Мөн, "Эзлэн түрэмгийлэгдсэн Украины газар нутгийг улс төр, дипломат аргаар эргэн нэгтгэж авах замыг цаашид ч тавих болно. Донбасс, Крым бол Украины салшгүй нэгэн хэсэг гэдгийг сануулж буй дохио нь энэ хууль..." хэмээн мэдэгдсэн байна. Украины Дээд Радын баталсан энэ шинэ хуультай холбоотой тайлбар, шүүмжлэлийг хамгийн түрүүнд ОХУ-ын зүгээс хийж байна. Мөн, Радын баталсан шинэ хууль Минскийн яриа хэлэлцээний үр дүнг хүчингүй болголоо хэмээн дангаар тусгаар тогтнолоо зарласан Донецк, Луганскийн бүгд найрамдах улсууд шүүмжилж байна.
| Украины Дээд Рад Донбассыг дахин нэгтгэх тухай хуулийн төслийг баталлаа | ||
| Үзсэн: 1380 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.