АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Куба дахь Гуантанамогийн тусгай шоронг хэвээр үлдээж, тэнд терроризмын гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг үргэлжлүүлэн хүлээн авах тухай зарлигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. “Политико” сонин төрийн департамент дахь эх сурвалждаа тулгуурлан энэ тухай уламжиллаа.
Трампын шийдвэр шоронг аль болох хурдан хаах өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн 2009 онд гаргаж байсан зарлигийг цуцлах юм. Мөн энэ зарлигт тусгасан байсан: тусгай шоронг хаах үеэр энд хоригдож байгаа хүмүүсийг нэг бол эх оронд нь, эсвэл гуравдагч орнууд руу, үгүй бол АНУ-ын нутаг дэвсгэрт илүү хатуу чанга харуул хамгаалалттай газар шилжүүлэх гэсэн заалт бас хүчингүй болж байна. Америкийн удирдагч зарлигт гарын үсэг зурах болсон тухайгаа ирэх долоо хоногт зарлах бололтой. Гуантанамогийн тусгай шоронг 2002 онд ерөнхийлөгч бага Жорж Буш тэргүүтэй засаг захиргаа байгуулж байсан. Энэ шоронд террорист үйл ажиллагаанд сэжиглэгдсэн хүмүүсийг хорьдог.
Гуантанамогийн хоригдлууд үндсэндээ хуулийн цоорхойд байдаг тул өмнөх ерөнхийлөгч Барак Обама засгийн эрхэнд гарч ирэнгүүтээ жилийн дотор тусгай шоронг хаах зарлигт гарын үсэг зурсан ч Конгрессийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Гуантанамогийн тусгай шорон хүний эрхийн төлөө тэмцэгчдийн зүгээс маш их шүүмжлэл дагуулдаг, иймээс Барак Обама засгийн эрхэнд байхдаа аюул занал учруулах боломжгүй гэж үзсэн 200-аад хоригдлыг сулласан, одоо энд 40-өөд хүн хоригдож байна.
Гэтэл өнөөгийн ерөнхийлөгч Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр: тусгай шоронг хаахгүй, эндээс суллагдсан хүмүүс эргээд террорист үйл ажиллагаанд татагдан орох аюултай гэдгийг анхааруулж байсан юм.
| Трамп Гуантанамогийн тусгай шоронг хэвээр үлдээх зарлигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна | ||
| Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.