Шууд Chart

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн уламжлалт хамтарсан сургуулилт болно

2018-01-28 14:32:32

"Пёнчан 2018" өвлийн олимпийн наадмын дараа АНУ болон БНСУ  цэргийн уламжлалт хамтарсан гуулилтаа хийхээр болжээ.  Өмнөд болон Умард Солонгос нь Пёнчаны олимпийн асуудлаар хоёр жилийн дараа хэлэлцээрийн ширээний ард суусантай холбогдуулан энэхүү хамтарсан цэргийн сургуулилтыг хойшлуулаад байсан. Жил бүрийн 3 сараас 4 сарын хооронд болдог уг хамтарсан цэргийн сургуулилтад Умард Солонгосын тал ихэд шүүмжлэлтэй ханддаг.  Үүнээс гадна өнгөрсөн жилийн 4 сард хамтарсан сургуулилттай давхцуулан, Пхеньян хөдөлгөөнт баллистик пуужингийн туршилт болон артиллерийн сургуулилт хийж байсан юм.  

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлж байгаагаар одоогийн байдлаар цэргийн хамтарсан сургуулилтын огноо болон хамрах хүрээ, хэмжээг зарлахад эрт байгаа юм байна. Албан эх сурвалжаас CNN агентлагт өгсөн  мэдээллээр  хамтарсан цэргийн сургуулилтын өдрийг хойшлуулсныг үл хамааран,  энэ жилийн бэлтгэл сургуулилт уламжлалт ёсоороо өргөн хүрээнд зохион байгуулагдах юм байна.

Үүнтэй холбогдуулан Умард Солонгосын зүгээс хамтарсан цэргийн сургуулилт зохион байгуулах нь хоёр орны харилцаанд сэв суулгах болно гэж мэдэгдэл гаргажээ. Тус бэлтгэл сургуулилтад АНУ-ын талаас Өмнөд Солонгосын цэргийн баазад байрлаж буй 28 мянган цэргүүд дээр нэмж  3600 цэргүүдийг илгээхээр болжээ.  Хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилтыг хоёр улс  сүүлийн 40 жилийн турш тогтмол зохион байгуулж ирсэн юм. Сургуулилтад  тэнгисийн явган цэрэг, агаарын хүчнийхэн болон тусгайгийн цэргүүд оролцдог бөгөөд энэхүү сургуулилтыг Солонгосын хойгийн аюулгүй байдал болон тогтвортой байдлыг хангах үүднээс зохион байгуулдаг юм байна. 













Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн уламжлалт хамтарсан сургуулилт болно  
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй