Шууд Chart

Шуурхай бүлэг Баян-Өлгий аймагт ажиллав

2018-01-29 10:45:55

Улаанбаатар хотоос 1700 орчим километр зайтай Баян-Өлгий аймагт улсын онцгой комиссын шуурхай бүлэг ажиллалаа. Аймгийн хэмжээнд нийт 3.5 сая мал өвөлжинө. Отроор 50 гаруй мянган мал өвөлжиж байгаа юм. Аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндэрсэн, өвс, тэжээлийн хомсдол бий болсон гэдгийг аймгийн онцгой комиссоос мэдээлсэн юм.

Энэ сард уг аймгийн хэмжээнд хүйтний эрч -30-аас -42 хэмд хүрч ихэнх малчин өрхийн мал бэлчээрийн хомсдолд орж, уулархаг газарт байгаа малыг нам дор газарт буулгах, төл мал болон тарга тэвээрэг муутай малыг тэжээлд оруулж эхэлсэн байгааг аймгийн удирдлагууд хэлсэн. Мөн уулархаг газарт 30-40 см хүртэл цас орж ан амьтан бэлчээрлэлт хүндэрч улаан номонд орсон аргаль, янгир, халиун буга зэрэг амьтад уулнаас бууж, малтай хамт бэлчиж идээшлэх байдал ажиглагдсан байна. Өвс, тэжээлийг олгох чиглэлд аймаг сумдад эхнээсээ хувиарлах, борлуулах ажлыг эхлүүлсэн байгаа юм.

Засгийн газрын шийдвэрээр тус аймагт улсын нөөцийн цэгүүдээс 450 тонн өвсийг үнэгүй, 400 тонн тэжээлийг хямдруулсан үнээр мөн малчдад олгохоор болсон.  Улсын онцгой комиссоос  зарим зүйл дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг шүүмжлээд авсан.

Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр улсын онцгой комиссын дарга аймаг, орон нутагт тухайн жилийн батлагдсан төсвийн 2 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулахаар тусгагдсан. Энэ зардлыг орон нутгийн төсөвт тусгаж ажиллах ёстойг аймгийн удирдлагуудад анхааруулж хэлсэн. Мөн салбар яамнаас тодорхой асуудалд мэдээлэл өгсөн. 

Баян-Өлгий аймагт улсын нөөцөөс 450 тонн өвсийг үнэгүй, 400 тонн тэжээлийг  хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон юм. Улсын онцгой комиссын шуурхай бүлэг энэ өдрүүдэд Увс, Завхан, Хөвсгөл зэрэг аймагт ажиллана.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шуурхай бүлэг Баян-Өлгий аймагт ажиллав  
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй