Денверийн засаг захиргаа орон гэргүй хүмүүсийг цагийн ажилд авах хөтөлбөр боловсруулснаас хойш өнгөрсөн жилд л гэхэд 284 хүн хөтөлбөрд хамрагдсан байна. Энэхүү ажлын үр дүнд нийт 110 хүн тогтмол ажлын байртай болж 15 хүн хотын захиргаанд ажилд оржээ.
Денверийн өдөрлөг гэдэг энэхүү ажлын хөтөлбөр нь 2016 оны 11 сараас эхлэн хэрэгжсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд орон гэргүй хүмүүсийг цагийн 12,5 ам.долларын хөлстэй олон нийтийн ажилд хамруулдаг байжээ. Энэхүү ажлын хөтөлбөрт хамрагдах ямар нэгэн тусгай шаардлага байгаагүй байна.
Орон гэргүй хүмүүс өдрийн 3-6 цагийн ажлын ээлжиндээ ирээд даалгасан ажлыг хийхэд л хангалттай байжээ. Мөн бичиг баримтгүй, харьяалал нь тодорхойгүй хүмүүс ч энэхүү хөтөлбөрт хамрагдсан юм байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид болон зохицуулагч нар нь ямар нэгэн төлбөргүйгээр оролцогчдод санхүүгийн зөвлөгөө өгдөг юм байна.
Орон гэргүй хүмүүс Денвер хотын цэцэрлэгт хүрээлэнг услах, эсвэл номын сангийн ажилд туслах гээд янз бүрийн ажилд хамрагддаг байжээ. Хөтөлбөр хэрэгжилтийг дүгнэхэд нийт 10 мянган цагийн ажил гүйцэтгэж, нийт 109 мянган ам.долларыг ажлын хөлсөнд олгосон байжээ.
Энэхүү санаачлага хөтөлбөр нь их амжилттай хэрэгжиж байгаа тул гэрээтэй ажилдаг байгууллагууд нь түр ажлын байрныхаа цагийг нэмэхээр болжээ. Үр дүнд нь хөтөлбөрт хамрагдаж буй улсууд долоо хоногт ажлын таван өдөр ажил хийх боломжтой болох юм. Хөтөлбөрийг санаачлагчид ирээдүйд хамтран ажиллах байгууллагуудын тоог нэмж, илүү олон эмэгтэйчүүд, олон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийн амьдралд нэмэр болох төлөвлөгөөтэй байгаа юм байна.
| Денвер хотын захиргаа орон гэргүй иргэдээ ажлын байраар хангалаа | ||
| Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.