Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Найрамдал 1-р цэцэрлэгийнхэн хүүхэд багачуудадаа монгол зан үйлийг эзэмшүүлэх сургалтыг тогтмол явуулсаар ирсэн байна.
Төв суурин газарлуу чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихэсч ард иргэд маань хотжих болсон өнөө үед нүүдэлчин ахуй,.монгол зан заншил, өв соёл улам бүр мартагдсаар байгаа билээ. Иймээс хүүхэд багачуудад багаас нь энэ талын сургалтыг явуулах шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм.Тэгвэл тус цэцэрлэгийн хамт олон хүүхдүүд монгол зан үйлд суралцах, монгол ахуйдаа тоглонгоо хөгжих таатай орчин нөхцөл, боломжийг бүрдүүлж чадсан байна. Хүүхэд ахуй цагтаа олж авсан хүмүүжил насан туршийнх нь хэвшил дадал болдог учраас хувь хүний төлөвшилийг багад нь суулгаж өгөх шаардлагатай байдаг.
Иймээс бид хүүхэд багачуудаа монголоо гэсэн сэтгэлтэй иргэд болгон хүмүүжүүлэх зорилго тавин ажилладаг гэдгээ цэцэрлэгийн эрхлэгч онцолж байлаа.
Тус цэцэрлэг аман наадам, ертөнцийн гурав, ерөөл магтаал, уламжлалт тоглоом наадгайгаар дамжуулж хүүхдийн оюуны чадварыг хөгжүүлэх олон талт ажлыг зохион байгуулан ажилладаг байна. Ер нь монгол баяр наадам, хөгжим, бүжиг, тоглоом наадгайн зүйлс бол бүхэлдээ ардын сурган хүмүүжүүлэх аргын нэг төдийгүй хүүхэд багачуудын бүх талын хүмүүжилд онцгой нөлөө үзүүлдэг байна.
Хүүхдүүд шагайгаар наадсанаар алаг мэлхий, морь уралдуулах, шагай няслах зэрэг тоглоомыг сурдаг бол долоодой хэмээх өрж эвлүүлдэг тоглоомоор тоглосноор хүүхдийн сэтгэн бодох чавдар, IQ сайжирч эвлүүлэх ухаанд суралцдаг байна.
Монгол зан үйлийн сургалтууд нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлдөг төдийгүй монгол зан заншил өв соёлоосоо суралцах боломжийг олгож байаагаараа ач холбогдолтой юм хэмээн эцэг эхчүүд ярьж байлаа.
Ёс заншлийн өргөөнд анхаарал татаж байсан зүйлийн нэг нь монгол орны үндэстэн, ястгуудын байршил үндэсний хувцасны онцлогийг газрын зургаар харуулсан булан байлаа. Тус цэцэрлэгийнхэн 40 гаруй хүүхдийг Халх, Казак, Захчин, Буриад, Хотон, Баяд, Тува зэрэг үндэсний хувцастай болгож, үндэснийх нь бүжгийг зааж сурган эцэг эхчүүддээ тайлан тоглолтоо хийдэг уламжлалтай болсон байна.
Ийнхүү тус цэцэрлэгийн хүүхэд багачууд монгол зан зашил, өв соёл, уламжлалаасаа суралцсаар байна.
| Өв соёлоосоо суралцаж байна | ||
| Үзсэн: 3318 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.