Өмнөговь аймагт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хоёр төв байгуулагдлаа. Сүүлийн жилүүдэд уул уурхай эрчимтэй хөгжиж хүн ам олноор төвлөрч буй энэ үед гэр бүл салалт нэмэгдэж байгаа нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвтэй байх хэрэгтэйг харуулж байна.
Өмнөговь аймаг 65645 хүн амтай. Өнгөрсөн оноос 1984 хүн амаар өссөн. Хүн амыг насаар нь авч үзвэл 0-15 насны хүүхэд 32 хувь, харин 16-59 насны хүн 62 хувийг эзэлж байна. Хүн амын 1/3 хувийг өсвөр насныхан эзэлж байгаа нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв зайлшгүй байх нэн тэргүүний шаардлага юм. Тиймээс "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэл, салалтыг бууруулах зорилгоор "Гэр бүлийн боловсрол олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх" төвийг байгуулна гэж төлөвлөсөн. Энэ зорилтын хүрээнд өнөөдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын долдугаар баг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт тус бүр "Гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв"-ийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэлийн өнгө гэр бүл сэтгэл судлалын төв хамтран тус төвийг байгуулсан ба мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч иргэд, та бүхэнд үйлчлэх юм. Тус аймгийн хэмжээнд сургуулийн нийгмийн ажилтнуудаа оролцуулаад 60 орчим сэтгэл зүйч ажиллаж байна. 10,000 хүн тутамд дор хаяж нэг сэтгэл зүйч ажиллаж зөвлөгөө өгөх ёстой байдаг бөгөөд Өмнөговийн хувьд хэвийн явж байна. Гэвч гэр бүл салалтаараа улсдаа эхний байруудад явж байгаа нь гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв зайлшгүй хэрэгтэйг харуулж байна. Цаашид сэтгэл зүйчдээ чадваржуулж, тоог нь нэмэгдүүлэн нийгмийн сэтгэл зүйг эерэг болгож гэр бүл салалт, хүчирхийлэлийг бууруулахад дорвитой ажлуудыг хийхээ албаны хүмүүс онцолж байлаа.
| Өмнөговьд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хоёр төв байгуулагдлаа | ||
| Үзсэн: 1131 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.