Дэлхийн улс орнуудад жил бүр уламжлал болгон зохиогддог гайхалтай наадам бол Италийн Венецийн багт наадам. Энэ жил Венецийн багт наадам өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд албан ёсоор эхэлсэн юм. Тус наадам энэ сарын 13-ныг хүртэл нийт 17 өдөр үргэлжилнэ.
Олон жилийн түүхтэй уламжлалт энэ наадмыг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн арван мянган жуулчин Венец хотод цуглараад байна. Наадамд оролцогчид өнгө өнгийн, төрөл бүрийн хэлбэр загвартай даашинз, нөмрөг, малгай, гоёл зүүж багт наадмын жагсаалд оролцдог.
Багт наадам гэдэг утгаараа өвөрмөц хийцтэй утга агуулга бүхий багууд хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. Багт наадмын баярын өдрүүдэд жүжгийн тоглолт, тэмцээн уралдаанууд зохиогддог. Дэлхий дахинд "Усан хот" хэмээн нэрлэгддэг Италийн Венец хотыг жилийн 365 өдрийн турш зорин очих жуулчдын тоо улам нэмэгдсээр байна.

XVIII зууны үеийн Италийн ард иргэдийг нүдээр үзэж харж мэдрэх мэт мэдрэмжийг жуулчид эндээс л олж харж чаддаг. Энэхүү багт наадам венецчүүдийн амьдралд Латины соёлтой хамт нэвтрэн оржээ. Уг үндэс нь Ромын алдарт Сатурн (Санчир)-ы багт наадмаас эхтэй гэж үздэг. Сатурны баярын гол онцлог нь тухайн өдөр эзэн ба боолын ялгааг байхгүй болгодогт оршино.
Баярын үеэр боолууд эзэнтэйгээ нэг ширээнд суугаад зогсохгүй бүр тэдний өөдөөс хараалын үг хэлэхийг ч зөвшөөрдөг байжээ. Гэхдээ эдгээр нь баярын уур амьсгалыг эвдэхгүй байхын тулд бүгд нүүрэндээ баг зүүдэг байсан аж. Чухам энэ уламжлалыг Венецийн багт наадам өвлөн авсан байна.
Венецийн багт наадам XVIII зуунд жинхэнэ оргил үедээ хүрсэн гэдэг. Тухайн үед энэхүү наадам оны хамгийн гол үйл явдал болоод зогсохгүй энэ хотын оршин тогтнох утга учир нь болж байв. Багт наадмаар ямар ч үйлдэл хэтэрхий ичмээр, хэтэрхий зоригтой, хэтэрхий бодлогогүй, замбараагүй санагдахгүй. Олон зуун тоглоомын газрууд нээгдэж, их хэмжээний мөнгө, эд хөрөнгө эргэлдэж, нүүрээ багаар халхалсан хүмүүс хууль ёсны эхнэр, нөхрөө огтхон ч ичиж зоволгүй араар нь тавина.

Наадмын өдрүүдэд шөнө, өдөргүй эдгээр нүгэл хилэнцийг хийхгүй өнгөрнө гэдэг зүгээр л байж боломгүй хэрэг байжээ. Гэвч удалгүй хувьсгал эхэлж, энэ бүх баяр наадам мартагдсан байна. Венец хот 200 орчим жил багт наадамгүй амьдарч байгаад 1980 онд дахин сэргэсэн юм.
Өнөө үед багт наадмын гайхамшигт уур амьсгалыг мэдрэхийг хүссэн 500 мянга гаруй хүн жил бүр Венец хотыг зорин ирдэг болжээ. Жил бүрийн багт наадам эртний уламжлалт "Festa delle Marie" буюу дээрэмчдэд хулгайлагдсан Венец охидыг чөлөөлсний дурсгалд зориулсан баяраар эхэлдэг. Гэгээн Маркийн талбайд энэхүү баярт зориулсан тусгай жүжиг тоглосны дараа үзэгчдийн дээрээс олон тонн амтат чихэр бороо мэт асгаран орж ирнэ. Гэгээн Петрийн сүмээс Гэгээн Маркийн талбай хүртэл олон зуу, мянган алиалагч, үлгэрийн баатар, шадар цэргүүд баярын жагсаал хийж талбай дээр ирсний дараа тусгайлан бэлтгэсэн мануухайг шатааснаар бүжиг наадам эхэлдэг аж.
![]()
| Венецийн багт наадам энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ | ||
| Үзсэн: 2958 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.