Умард Солонгос цэргийн томоохон жагсаал өчигдөр тус улсын нийслэлийн төв талбайд боллоо. Өмнө нь БНАСАУ-ын байнгын арми байгуулагдсаны ойн өдрийг ийнхүү өргөн тэмдэглэж байгаагүй юм. Мөн Умард Солонгосын цэргийн жагсаал Өмнөд Солонгосын Пёнчанд өвлийн олимпийн наадам эхлэхээс нэг хоногийн өмнө болсон учир олон улс Пхеньяны зүгт анхаарлаа хандуулж байлаа.
Умард Солонгосын цэргийн жагсаалын талаар Киодо, Эн Эйч Кэй, Ёонхап гээд хөрш орнуудынх нь гол мэдээллийн хэрэгслүүд товчхон мэдээ л дамжуулж байлаа. Ёонхап агентлаг Умард дахь эх сурвалжаас авсан мэдээлэлдээ үндэслэн Пхеньянд болсон жагсаалд 50 мянган хүн оролцсон хэмээн мэдээлж байна. Өнгөрсөн сард АНУ, Японы хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд цэргийн жагсаалыг сурвалжлах урилга өгсөн ч сүүлд нь цуцалсан юм. Энэ удаагийн жагсаалд Хятадын албан тушаалтнуудыг ч уриагүй тухай Ки Би Эс мэдээллээ.
Мөн энэ удаагийн жагсаал олимпийн наадамд оролцох Умардын тамирчдыг хүлээн авах ёслолтой давхацсан байна. Пхеньянд сүүлийн 40 жилд 4 дүгээр сарын 25-ны өдөр буюу их эцэг, удирдагч Ким Ир Сен 1932 онд анхны партизаны отряд эмхлэн байгуулсан өдрөөр л цэргийн жагсаал хийж ирсэн юм. Тиймээс олон улс Олимпийн наадмын өмнө байлдааны сүр хүчээ гайхуулан цэргийн жагсаал хийх болсон Умардын удирдагчдын шийдвэрийг шүүмжилж байсан.
Харин Умард Солонгосын тал жагсаал цуглаан хийх нь тус улсын дотоод хэрэг, хэн ч үүнийг нь шүүмжилж, буруушаах эрхгүй хэмээн мэдэгдэж байв. Пёнчаны олимпийн наадмыг зохион байгуулагчдын хувьд Умардын цэргийн жагсаал спортын их наадамд огтхон ч нөлөөлөхгүйг мэдэгдсэн. НҮБ-ын бүрэлдэхүүнд багтдаг 193 орон түүний дотор Умард Солонгос улс Пёнчаны олимпийн наадмын үеэр олимпийн эвлэрэлийг дэмжсэн гэдгийг сануулсан юм. Олимпийн эвлэрэлийн дагуу спортын наадам эхлэхээс өмнөх 7 хоногоос эхлэн паралимпын наадам дууссанаас хойших 7 хоногийг дуусах хүртэл аливаа нэгэн хүчирхийллээ зогсоохыг уриалдаг. Өвлийн олимпын наадам өнөөдрөөс ирэх 25-ныг дуустал үргэлжлэх юм.





| Умард Солонгосын цэргийн жагсаал боллоо | ||
| Үзсэн: 2036 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.