Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч Япон Улсын Вакаяама мужийн ахлах сургуульд үнэ төлбөргүй суралцахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж Японы Вакаяама мужийн ИТХ-ын гишүүн Ханада тэргүүтэй төлөөлөгчид тус аймагт айлчлан аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Дорноговь аймаг Япон улсын Шизүока мужтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлээд таван жил болж байна.
Энэ хугацаанд багш, сурагч солилцоог боловсролын салбарт хамтын ажиллагаагаа амжилттай өрнүүлж байгаа юм. Шизүока Монголын найрамдлын нийгэмлэгээр дамжуулан Япон улсын Вакаяама мужтай хамтын ажиллагаа тогтоожээ. Японы Вакаяама мужийн ИТХ-ын гишүүн Ханада, Нанрёо Гакуэн ахлах сургуулийн ерөнхийлөгч Ооно Наоко тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшинтэй уулзаж хамтын ажиллагааг эхлүүллээ.
Уулзалтаар боловсролын салбар тэр дундаа Дорноговь аймгийн ЕБС-ийн сурагчдыг Вакаяама мужийн ахлах сургуульд үнэ төлбөргүй суралцуулахаар болсонд талархаж буйгаа Т.Энхтүвшин онцлоод хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.
Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр Дорноговь аймгийн аравдугаар ангийн нэг сурагчийг шалгаруулан Нанрёо Гакуэн ахлах сургуульд гурван жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцуулах юм байна.
Уулзалтын үеэр Вакаяама мужийн ИТХ-ын гишүүн Ханада зөвхөн сурагч солилцоо гэлтгүйгээр цаашид бусад салбарт ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Вакаяама мужийн төлөөлөгчид тавдугаар сургуультай танилцсанаар тэдний албан ёсны айлчлал өндөрлөсөн юм.
| Дорноговийн нэг сурагч Вакаяама мужийн ахлах сургуульд үнэ төлбөргүй суралцана | ||
| Үзсэн: 959 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.