Шууд Chart

Америк, Европ, Азийн хөрөнгийн зах зээлийн үндсэн индексүүд дахин унажээ

2018-02-10 12:17:11

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд дахин түүхэнд хамгийн ихэд тооцогдох уналт үзүүлсэн байна. Аж үйлдвэрийн Доу Жонс индекс  л гэхэд 4.15 хувиар буюу 1000  нэгжээр  буурсан байна. Мөн С&P 500 индексийн уналт 3.7 хувьд, Наздакийнх 3.9 хувиар  буурчээ.

АНУ-ын хөрөнгийн  зах зээлийн уналт  Европ, Азийнхад ч сөргөөр нөлөөлсөн байна. Британийн хөрөнгийн зах зээлийн  FTSE 100  индекс өчигдрийн арилжааны дүнгээр 1.4 хувиар унасан байна. Германы Дакс 2.6,  Францын Сас хоёр хувийн уналт үзүүлсэн байна. Өнөөдөр мөн Токиогийн хөрөнгийн  зах зээл дээр Никкей индекс 2.9 хувиар унасан байна. БНХАУ-ын Шанхай композит бүр 5.1 хувиар, Шэнжэн композит индекс  2.6 хувь, Хонгконгийн Хан сен индекс  3.9 хувиар бас унасан байна. 

Шинжээчид  өнгөрсөн даваа гарагийн огцом уналтыг зах зээл эртнээс  хүлээж байсан тохируулга гэж тодорхойлж байсан. Тэгвэл АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх сүүлийн  тохируулга 2016  оны эхээр хийгдэж байсан. Тэр үед индексүүдийн уналт 10 хувьд хүрч байсан төдийгүй газрын тосны үнэ дагаад унаж байсан юм. Мэргэжилтнүүд АНУ-д инфляцийн түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж,  мөнгөний бодлогоо улам чангатгах нь гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолтой холбоотой уналт гэж тайлбарлаж байгаа юм. 

Харин "Цагаан ордон"-оос АНУ-ын хөрөнгийн зах зээлд дахин уналт гарсан ч тус улсын эдийн засаг урт хугацаандаа хүчтэй хэвээр байхыг мэдэгдээд байна. Мөн АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өнгөрсөн даваа гарагийн эрс уналтаас болж дэлхийн чинээлэг 500 эрхэм 114 тэрбум  ам.долларын хохирол амсаад  байгааг "Блүүмбэрг" мэдээлж байсан. 

Хөрөнгийнхөө хэмжээгээр дээгүүрт бичигддэг таван хүний алдагдал 16.3 тэрбумд хүрсэн бол 20 тэрбумын хөрөнгөтнүүдийн хохирол тус бүр нэг тэрбум ам.долларт хүрсэн гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна. Амазоны  хувьцааны  ханш өчигдөр  4.7 хувиар  буурснаас болоод тус  компанийн гүйцэтгэх захирал Безосын хөрөнгө 5.3 тэрбум ам.доллараар буурсан байна. Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг мөн хөрөнгийн зах зээлийн  уналтаас болж 3.4  тэрбум ам.доллараа алдсанд тооцогдож байсныг хэвлэлүүд энэ дашрамд онцлон мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америк, Европ, Азийн хөрөнгийн зах зээлийн үндсэн индексүүд дахин унажээ   
Үзсэн: 1789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй