Шууд Chart

АНУ-ын Конгресс төсөв батлаагүйгээс болж холбооны яамд үйл ажиллагаагаа дахин зогсоолоо

2018-02-10 12:31:00

АНУ-ын Конгресс 2018 оны санхүүгийн жилийн төсвийг тогтоосон хугацаанд нь амжуулж баталж чадаагүйгээс болоод холбооны яамд үйл ажиллагаагаа  дахин зогсоогоод байна. Өчигдөр Конгресс дахь Ардчилсан нам, Бүгд найрамдах намынхан төсвийн асуудлаарх хоёр жилийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрснээ мэдэгдэж байсан юм. Гэвч Бүгд найрамдах намаас Сенатад сонгогдсон гишүүн Рэнд Пол санхүүжилттэй нь  холбоотой  нэмэлт  өөрчлөлтүүдээр  санал хураалт явуулахыг шаардаж хугацаа алдсанаас болоод төсвөө баталж чадаагүй байна.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс эхэлсэн 2018 оны санхүүгийн жилийн бүрэн төсөв өнөөг хүртэл батлагдаагүй байгаа юм. Энэ бүх хугацаанд  түр тогтоолуудаар л Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан юм. Өнгөрсөн нэгдүгээр сард төрийн албаныхны үйл ажиллагаа гурван өдөр зогсоход хүрч байсан юм. Хамгийн сүүлийн түр тогтоолын хугацаа АНУ-ын цагаар энэ сарын 8-ны ны өдөр шөнө дунд дууссан учир холбооны яамдуудын үйл ажиллагаа ийнхүү автоматаар зогсоход хүрээд байгаа юм. Төсвийг батлахад гол  тээг  саад болж байгаа асуудал нь  Ерөнхийлөгч  Трампын цагаачлалын бодлоготой холбоотой юм. 

Түүнчлэн батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал маргааны бас нэгэн сэдэв нь болсон юм.  Ерөнхийлөгч  Трамп  цагаачлалынх нь бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүг тусгаж өгөхгүй бол Засгийн газрын үйл ажиллагааг хаасан ч болно гэж мэдэгдэж байсан юм. Тиймээс ч өчигдөр "Цагаан ордон"-оос Холбооны бүх  яам, агентлагт  хандаж  үйл ажиллагаагаа зогсооход  бэлэн байхыг  зөвлөсөн юм. Нэгэнт  төсөв нь батлагдаагүй учир Засгийн газрын үйл ажиллагаа зогсохоор төрийн албан хаагчид тодорхой шийдвэр гартал цалингүй амрахаас өөр  аргагүй.   

Ажил зогсолтод хамрагдах холбооны ажилтнуудын дунд хилийн чинад дахь АНУ-ын Элчин сайдын яамдын визний хэлтсийнхэн, үзэсгэлэн, хөшөө дурсгалууд, Дархан  цаазат газрын ажилтнууд багтдаг байна. Үндсэндээ үндэсний аюулгүй байдал, шуудан, агаарын орон зайд хяналт тавьдаг  албаныхан, түргэн тусламж, сэхээний эмч ажилчид, онцгой байдал, шорон, эрчим хүчнийхнээс бусад бүх төрийн албан хаагч цалингүй амрахаас  өөр аргагүйд хүрнэ гэсэн үг юм. Гэхдээ АНУ-ын Конгрессын хоёр танхим баасан гарагт төсөвтэй холбоотой асуудлыг дахин хэлэлцэнэ.  Эцэслэн  батлахгүй  юм гэхэд  өмнө нь  танилцуулж байсан гуравдугаар сарын 23-ныг хүртэлх хугацаатай түр тогтоол баталж магадгүй гэж мэргэжилтнүүд  харж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Конгресс төсөв батлаагүйгээс болж холбооны яамд үйл ажиллагаагаа дахин зогсоолоо   
Үзсэн: 1536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй