Энэ долоо хоногт Сингапурт агаарын тээврийн хөлөг үйлдвэрлэгч болон, иргэний агаарын тээврийн компаниудыг өргөнөөр оролцуулсан "Сингапур Эйр" шоу боллоо. Тус шоу арга хэмжээнд "Боинг" болон "Аэробус" компанийн удирдлагууд оролцжээ. Арга хэмжээний үеэр компаниудын төлөөлөл орчин үеийн чиг хандлагыг даган, Азийн зах зээл рүү үйл ажиллагаагаа түлхүү чиглүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Мөн Олон улсын Агаарын тээврийн холбоо 2036 он гэхэд Ази-Номхон далайн бүсийн агаарын тээврийн зорчигчдын тоо 3,5 тэрбумд хүрнэ гэсэн судалгаа гаргажээ. Энэ нь Хойд Америк болон Европ тивийн зорчигчдын тоог нийлүүлснээс хоёр дахин их дүн юм. Одоогийн байдлаар Азийн хүн амын зөвхөн 10 хувь нь агаарын тээврээр үйлчлүүлдэг гэдэг статистик байдаг бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар Азийн эдийн засгийн хурдацтай өсөлт болон дундаж давхаргын амжиргааны өсөлт зэргээс үүдэн цаашид агаарын тээврийн зах зээл тасралтгүй тэлэх төлөвтэй байна.

Тухайлбал, сүүлийн үед Хятадын иргэний агаарын тээврийн болон тусгай хямд нислэгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын тоо хурдацтай нэмэгдэж байна. Энэ чиг хандлага нь агаарын тээврийн хөлөг үйлдвэрлэгч томоохон компаниудад зах зээлээ тэлэх , цаашилбал ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бий болгож байгаа аж. Олон улсын агаарын тээврийн холбоо нь 2036 он гэхэд Хятадын зорчигчдын тоо 921 сая хүнээр нэмэгдэж, агаарын тээврийн энэ чиглэлээр дэлхийд тэргүүлнэ гэсэн урьдчилсан дүнг гаргасан байна.

Харин Энэтхэг болон Индонезийн зорчигчдын тоо тус бүр 337 сая болон 235 сая хүнээр нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Ийнхүү зах зээлээ тэлэхийн хэрээр эрэлт хэрэгцээгээ даган Азийн онгоцны буудлууд хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна. Иймд онгоцны буудлын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх засварт 2069 он хүртэл ойролцоогоор 1 их наяд ам.долларыг зарцуулна гэсэн судалгаа байна. Энэ мөнгөний тэн хагасыг нь Ази-Номхон далайн зах зээл зарцуулах төлөвтэй байна гэж Сидней хотод төвтэй агаарын тээврийн төвөөс урьдчилсан дүгнэлт гаргажээ.
Үүнтэй холбогдуулан жишээ дурдахад, 2019 онд ашиглалтад орох шинэ олон улсын нисэх онгоцны буудалд Бээжин хот 12,9 тэрбум ам.доллар зарцуулж байгаа. Мөн шинээр гурав дугаар нислэгийн зурвас барих, 2021 он хүртэл үргэлжлэх засвар шинэчлэлийн ажилд Бангкокийн олон улсын нисэх буудал 3,7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Харин Өмнөд Солонгосын Инчоны нисэх онгоцны буудал шинэ терминалын нээлтэд нийт 5 их наяд вон буюу 4,6 тэрбум долларыг зарцуулсан мэдээлэл байна. "Сингапур Эйр" шоу арга хэмжээний үеэр ихэнх агаарын тээврийн болон онгоц үйлдвэрлэгч компаниуд ойрын ирээдүйд Зүүн Өмнөд Азийн зах зээл рүү илүү анхаарч ажиллах болно гэж мэдэгджээ. Цаашид иргэний агаарын тээврийн зах зээл тэлж, онгоцны буудлууд хүчин чадлаа нэмэгдүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулах хэдий ч олон улсын онгоцны буудлуудын ачаалал ирээдүйд одоо байгаа хэмжээнээсээ огтхон ч буурахгүй юм байна.
| 2036 он гэхэд зорчигчдынхоо тоог 3,5 тэрбумд хүргэнэ | ||
| Үзсэн: 1993 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.