Өчигдөр орой Москвагийн ойролцоо зорчигч тээврийн "АН-148" онгоц осолдсоны уршгаар багийн 6 гишүүн, 65 зорчигч амиа алдсан байна. Оросын Риановости, "Итар ТАСС" зэрэг томоохон агентлагууд манай цагаар өчигдөр оройн 21 цагийн орчмоос онгоц радарын дэлгэцээс сураггүй болсон тухай мэдээлж эхэлсэн байсан. Гэвч харамсалтай нь тус онгоц сүйрсэн гэдэг нь тун удалгүй тодорхой болжээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр "АН-148" онгоц унасан газар аврах ажиллагааг өндөрлөсөн гэсэн мэдээллийг "Риановости" агентлаг орон нутгийн цагаар үүрийн 04:06 буюу Улаанбаатарын цагаар 09:06 минутад мэдээллээ. Энэ ажиллагаанд нийт 300 хүн оролцжээ. Одоо эрлийн ажиллагааны шатанд шилжээд байгаа юм байна. Ослын газарт цас ихтэй онгоцны үлдэгдлүүд том талбайд тарсан байгаа нь багагүй хүндрэл учруулж байгаа аж. Ослын газарт ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны төв аппарат болон Москвагийн бүс нутаг хоорондын тээврийн мөрдөн шалгах удирдах газрын нийт 100 гаруй мөрдөгч, криминалистик ажиллаж байгаа юм байна. Онгоцны хар хайрцгийг ослын газраас олсон бөгөөд шуурхай штабын төлөөлөгчийн хэвлэлийнхэнд мэдэгдсэнээр хар хайрцаг хэвийн байдалд байсан байна.

Оросын онцгой байдлын яамнаас АН-148 онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн 2 нь гадаадын иргэн байсныг батлаад байна. Тодруулбал, Швейцарын нэг, Азербайжаны нэг иргэн байжээ. Багийн гишүүд болон бүх зорчигчийн нэрийн жагсаалтыг Оросын хэвлэлүүд нийтлээд байна. АН-148 онгоц нь агаарын тээврийн "Саратов" компанийнх юм байна. Москвагийн Домодедовогоос Саратовын Орск хот руу нислэг үйлдэж яваад ийнхүү осолдсон юм. Агаарын тээврийн "Саратов" компанийн тухайд дотоодын нислэгүүд үйлддэг. Мөн Грек, Азербайжан, Армянийн хотууд руу байнгын нислэг үйлддэг юм байна. Осолдож унасан АН-148 онгоцны тухайд ослоос өмнө дотоодын хэд хэдэн нислэг хийж байсан аж.
Нислэгт гарах бүрд нь техникийн үзлэг оношлогоо хийж байсныг, ямар нэгэн гэмтэл илэрч байгаагүйг тус агаарын тээврийн компанийн хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна. Мөн тус агаарын тээврийн компанийн Москвагийн ойролцоо осолдсон энэ онгоцыг дөнгөж 2017 оны 2 сард авсан юм байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн 1 дүгээр сард Си Чек буюу хөдөлгүүр, далавч гээд онгоцны бүх эд ангиудад нарийн үзлэг шалгалт хийгдсэн байсан гэдгийг мэдээлж байна. АН-148 онгоцны ахмадын хувьд Валерий Губанов 5 мянган цаг түүний дотор 2800 гаруй цагийг нь энэ төрлийн онгоцыг жолоодон ниссэн туршлагатай нисгэгчдийн нэг байсан байна. АН-148 онгоцны осолтой холбоотойгоор "Саратов" агаарын тээврийн компанийнхан Москва-Орскийн чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцлаад байна.







| Оросын АН-148 онгоцны ослын уршгаар 71 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 2966 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.