АНУ-ын нийслэл хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны өмнөх гудамжны нэрийг Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг агсан Борис Немцовын дурсгалд зориулан өөрчлөх ёслолын ажиллагаа өчигдөр болсон байна. Висконсин авэню, Эдмундс стритийн уулзвар дээрх багана дээр "Борис Немцовын талбай" гэсэн самбарыг байрлуулсан байна.

Вашингтоны энэ гудамжны нэрийг өөрчлөх санаачилга гаргасан Борис Немцовын сангийн тэргүүн Владимир Кара Муза ёслолын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ дэлхийд анх удаагаа Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг байсан Немфовын дурсгалыг ийнхүү мөнхжүүлж байгааг тэмдэглэн хэлсэн байна. Мөн удахгүй Москва дахь түүний амьдарч байсан байранд дурсгалын ийм самбар байрлуулахаар төлөвлөж байгаагаа ч мэдэгджээ.
Энэ арга хэмжээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евроазийн асуудал эрхэлсэн туслах Уэсс Митчелл, Конгрессын хоёр танхимын гишүүд, Вашингтон хотын зөвлөлийн дарга депутатууд, Борис Немцовын охин, түүний найзууд хамтран зүтгэгчид нь оролцсон байна. Вашингтон хотын зөвлөл өнгөрсөн нэгдүгээр сарын 9-ний өдөр Оросын Элчин сайдын яамны өмнөх энэ гудамжийг Борис Немцовын нэрэмжит болгож өөрчлөх хуулийн төслийг баталсан юм. Энэ шийдвэр нь зүгээр ч нэг гудамжны нэрийг өөрчлөх асуудал биш, хоёр орны харилцаа эрс муудаж байгаагийн бас нэгэн баталгаа гэж шинжээч, судлаач, хэвлэлийнхэн үзэж тайлбар хийж байсан.
Москвад бүр АНУ-ын Элчин сайдын яамны өмнөх гудамжийг Хойд Америкийн мухардал гэж нэрлэх санал хүртэл Төрийн Думын гишүүнээс гарч байсан. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков харин энэ шийдвэрийг Вашингтон хотын хууль тогтоох байгууллагын бүрэн эрх гэж тодорхойлсны дээр хоёр орны харилцаа сайжирна гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан.
Вашингтон хотын зөвлөлийн шийдвэрийн дараагаар АНУ-ын хэвлэлүүдэд улс орнууд гудамжны нэрийг өөрчлөх замаар бусад улс орнуудад эсэргүүцлээ илэрхийлж байсан түүх бийг сануулж байна. 1980-аад онд АНУ-ын Конгресс Оросын тэрс үзэлтэн Андрей Сахаровыг баривчилсныг эсэргүүцэн Оросын Элчин сайдын яамны өмнөх гудамжны нэрийг түүний нэрэмжит болгон өөрчилж байсан.

Мөн Хятадын Элчин сайдын яам оршдог гудамжийг тэрс үзэлтэн гэгддэг Нобелийн шагналт Лю Сяобогийн нэрэмжит болгохыг Конгресс санал болгож байсан. 2014 онд БНХАУ энэ санал санаачилгынх нь хариуд Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамны өмнөх гудамжийг тус улсын аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан, Орос руу дүрвэн гарсан Сноуден, эсвэл террористуудын удирдагч Усама Бен Ладений нэрэмжит болгон өөрчлөх санал гаргаж байсныг "Нью Иорк таймс" сануулж байлаа. Түүнчлэн Турк, Иран, Их Британи, Энэтхэг улс ч эсэргүүцэл, эгдүүцлээ илэрхийлэн ийм шийдвэр гаргаж байсныг сануулж байна.
| Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яамны өмнөх гудамжны нэрийг өөрчлөх ёслолын ажиллагаа болов | ||
| Үзсэн: 1188 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.