Шууд Chart

НҮБ: Аюулгүйн зөвлөл тогтоол баталсан ч Дамаск болон зүүн Гут-д тулаан үргэлжилсээр байна

2018-02-28 17:40:06

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл байлдааны ажиллагаа зогсоохыг шаардсан  тогтоол баталсан ч гэлээ зүүн Гутээс лалын байлдагчид Дамаск хотыг буудах явдал үргэлжилсээр байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдлээ. “Сүүлийн 48 цагт л гэхэд зүүн Гутэд байлдаан үргэлжилж, үүний улмаас дор хаяж 30-аад хүн, үүний дотор хүүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдсэн гэх мэдээ ирж байна, мөн зүүн Гутээс Дамаск хотыг буудах явдал үргэлжилж байна” гэж тэрбээр хэллээ.

Түүний хэлснээр: энэ сарын 19-нөөс хойш зүүн Гутэд болж буй байлдааны ажиллагааны улмаас 500-аад хүн амь үрэгдэж, 15 мянга гаруй хүн хүнд, хөнгөн шархаджээ. Мөн Дамаск хотыг буудах үеэр 14 хүн амь үрэгдэж, 214 хүн шархадсан байна. Эндээс ирж байгаа мэдээгээр: эмнэлгийн 24 байгууллага, хүмүүнлэгийн 3 байгууллага буудлагад өртсөн байна. Ноён Дюжаррик өнгөрсөн амралтын өдрөөр зүүн Гутэд хорт бодис хэрэглэсэн гэдгийг нотолж чадахгүй байгаагийн дээр “бид үүнийг ямар нэг хэмжээгээр нотолж чадахгүй байна, гэрэл зургийг харж, мэдээ мэдээллийг үзэхэд аймшигтай дүр зураг харагдаж байна, үүнийг мөрдөн шалгах ёстой” гэлээ.

Аюулгүйн зөвлөл энэ сарын 24-ний өдөр сөргөлдөгч талуудаас улс орон даяар байлдааны ажиллагаагаа дор хаяж 30 хоног зогсоохыг шаардсан тогтоол баталсан, Аюулгүйн зөвлөлийн гишүүн бүр тогтоолыг дэмжсэн, энэ хугацаанд ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөсөн. НҮБ 400-аад мянган хүн оршин сууж байгаа зүүн гутийн байдалд сэтгэл маш их түгшиж байна, НҮБ энэ бүс нутагт нэн даруй хүмүүнлэгийн тусламж илгээхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

Өчигдөр Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ерөнхийлөгч Владимир Путины даалгавраар энэ сарын 27-ны өдрийн 9-14 цагийн хооронд өдөр бүр хүмүүнлэгийн завсарлага тогтоож байгааг зарласан. Хотын энгийн оршин суугчдад хотоос гарах боломж олгож байгаа энэ юм байна. Ноён Дюжаррик энэ талаар хэлэхдээ: хүмүүнлэгийн ажиллагаа явуулахад 5 цаг хангалттай юу? үгүй юу? гэдэг талаар хэлэхэд үнэхээр хүнд байна, гэхдээ ор хоосон байснаас л дээр, бид өөрт байгаа цаг хугацаанд бүхнийг хийхийн төлөө хүч чармайлт тавина, оросын санаачлага хэр амжилттай байх талаар буун дуу зогссоны дараа л дүгнэх байх” гэжээ.                   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Аюулгүйн зөвлөл тогтоол баталсан ч Дамаск болон зүүн Гут-д тулаан үргэлжилсээр байна  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй