Шууд Chart

Пентагон: ОХУ өөрөө АНУ-тай өрсөлдөх замыг сонголоо

2018-03-03 11:39:59

ОХУ улс өөрөө АНУ-тай өрсөлдөх замыг сонголоо гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайдын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Жон Руд мэдэгдлээ. Тэрбээр “Бид дахин их гүрнүүдийн хоорондох өрсөлдөөний эринд эргэн орлоо. Орос улс ямар ч маргаангүй өөрөө энэ замыг сонгосон” гэж  Вашингтон хотын стратеги, олон улс судлалын төвд үг хэлэхдээ мэдэгджээ.

Түүний үзэж байгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Холбооны хуралд хандсан илгээлтдээ онцолсон цэргийн чадамж нь АНУ болон тэдний холбоотнуудын эсрэг чиглэсэн, иймээс Орос улс цэргийн чадамжаа боловсронгуй болгож байгаа нь, мөн НАТО-гийн гишүүн орны эсрэг чиглэсэн цэргийн сургуулилт явуулж байгаа нь АНУ-ын сэтгэлийг маш ихээр түгшээж буй юм байна. Үүнээс гадна Ерөнхийлөгч Путин Орос улс хэзээ цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэхгүй гэж мэдэгдсэн ч Оросын цөмийн номлолд урьдын адил гол цохилтыг цөмийн зэвсэг хэрэглэхэд хийж байна гэдгийг Америкийн түшмэл онцолж байна.

Мөн Пентагон шинэ төрлийн зэвсэг боловсруулж, туршиж байна гэх ОХУ-ын Ерөнхийлөгч Путины мэдэгдэлд нэг их гайхахгүй байна. Жон Рудын хэлснээр Оросын албаны хүмүүс өмнө нь ийм мэдэгдэл хийж байсан. Путины илгээлт албаны хүмүүсийн өмнө ярьж, хэлж байсныг үндсэндээ нотлоод өглөө. Сэтгэл түгшээж байгаа гол зүйл бол Орос улс цэрэг дайны чадамжаа нэмэгдүүлж байгаа явдал юм байна.

Путин Холбооны хуралд хандсан илгээлтдээ "Орос улсын цэргийн чадамж өсөн нэмэгдэж байгаа нь манай гараг дээр энх амгалан байдал тогтоох найдвартай баталгаа болоод зогсохгүй, улс орны батлан хамгаалах чадамжийг бэхжүүлэхэд чиглэсэн ажил нь зэвсэглэлд хяналт тавих олон улсын гэрээ тохиролцооны хүрээнд хийгдэж байгаа ажил" гэдгийг цохон тэмдэглэсэн. Владимир Путин зэвсэглэлийн салбарт дэлхийд хосгүй хэд хэдэн шинэ зэвсэг техник боловсруулж байгаа талаар ярьсан.

Эдгээрийн заримаас дурдвал, “Сармат” нэртэй шинэ тив алгасагч баллистик пуужин, “Кинжал” гэгч дуунаас хэт их хурдан пуужингийн цогцолбор, цөмийн эрчим хүчээр нислэг үйлддэг далавчит пуужин, ердийн болон цөмийн цэнэгт хошуугаар тоноглож болох усанд шумбагч дрон төхөөрөмж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пентагон: ОХУ өөрөө АНУ-тай өрсөлдөх замыг сонголоо  
Үзсэн: 1467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
почин [66.181.190.xxx] 2018-03-04 23:21
амеркийг одоо дарах хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй