Шууд Chart

Мэй, Туск нар “Брексит”-ийн асуудлаарх яриа хэлэлцээгээр ахиц дэвшилд хүрлээ

2018-03-03 11:46:42

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Европын зөвлөлийн дарга Дональд Туск нар “Брексит”-ийн асуудлаарх яриа хэлэлцээгээр ахиц дэвшилд хүрсэн тухай Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн алба уламжилж байна. Эндээс ирж байгаа мэдээгээр, хатагтай Мэй шилжилтийн үеийн асуудлаарх яриа хэлэлцээгээр талууд ахиц дэвшилд хүрсэн бөгөөд энэ яриа хэлэлцээ ирэх долоо хоногт үргэлжлэнэ гэдгийг цохон тэмдэглэжээ.

Гэхдээ Европын комиссоос санал болгож буй “Брексит”-ийн талаарх тогтоолын төсөл Их Британи улсын хувьд байж боломгуй гэдгийг Ерөнхий сайд мэдэгджээ. Энэ яриа хэлэлцээний дүнд Британийн Засгийн газар Умард Ирланд болон Бүгд найрамдах Ирланд улс хооронд хилийн хатуу шугам тогтоохгүй байх тал дээр өөрт хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлнэ гэдгээ нотолсон байна.

Мөн талууд энэ сарын 22-23-нд болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар хэлэлцүүлгээ үргэлжлүүлнэ гэдгийг хүлээж байна. Хэдийгээр Дональд Туск Лондонгоос тогтоож байгаа улаан шугаманд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн хэрнээ Британийн Засгийн газрын Европын холбооны гаалийн холбоо, Европын нэгдсэн зах зээлийг орхих шийдвэрийг үл харгалзан яриа хэлэлцээнд зарим нэг ахиц дэвшил гарсан гэдгийг тэмдэглэжээ.

Европын комисс өнгөрсөн лхагва гарагт Их Британи улс Европын холбооноос гарах тогтоолын анхны төслийг зарлан нийтэлсэн. “Нэгдсэн вант улс болон Умард Ирланд Европын холбооноос, Европын холбооны цөмийн эрчим хүчний хамтын нийгэмлэгээс гарах тогтоолын төсөл” нэртэй энэ баримт бичиг 111 хуудастай бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард Брюссель болон Лондон хооронд хийгдсэн эхний шатны яриа хэлэлцээний дүнг, тодруулбал, Европын холбооны гишүүн орны иргэдийн Их Британи улсад байх эрх, эсэргээр Их Британи улсын иргэдийн Европын холбооны гишүүн орнуудад байх эрх, Ирланд болон Умард Ирланд хоорондын хилийн статус, “Брексит”-ийн дараа Лондоны төлөх санхүүгийн төлбөр гэх үр дүнг нэгтгэсэн ийм баримт болсон юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мэй, Туск нар “Брексит”-ийн асуудлаарх яриа хэлэлцээгээр ахиц дэвшилд хүрлээ  
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй