БНАСАУ-тай хийх аливаа яриа хэлэлцээ Солонгосын хойгийг ямар ч эргэлт буцалтгүй цөмийн зэвсэггүй бүс нутаг болгоход чиглэсэн байх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нар үзэж байна. Тэд утсаар ярьсан тухай Цагаан ордны хэвлэлийн алба уламжилж байна.
“Трамп, Мун Жэ Ин нар Умард Солонгостой хийх аливаа яриа хэлэлцээ цөмийн зэвсгийг иж бүрэн, ямар ч эргэлт буцалтгүй устгахад чиглэсэн байх ёстой гэдэгт санал нэгдэж, энэ тал дээр цаашид нягт харилцаа холбоотой байна гэдгээ илэрхийллээ” гэж Цагаан ордны төлөөлөгчид хэлж байна.
Үүнээс гадна Трамп Мун Жэ Инд өвлийн олимпийг амжилттай зохион байгуулсанд нь баяр хүргээд, АНУ-ын төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсанд нь талархсан байна. Энэ оны эхээр Сөүл болон Пхеньяны харилцаа дулаарах хандлага ажиглагдаж байгаа, талууд яриа хэлэлцээ хийж БНАСАУ-ын албаны төлөөлөгчдийг болон жүжигчдийг Пёнчаны өвлийн олимпод оролцуулахаар тохирсон.
Үүний хажуугаар Сөүл, Вашингтон хоёр уламжлал ёсоор жил болгоны хоёрдугаар сард зохион явуулдаг, ингэхдээ Пхеньяны дургүйг маш их хүргэдэг “Фол ийгл”, “Кэй ресолв” том хэмжээний цэргийн хамтарсан сургуулилтаа хойшлуулсан. Тэгэх зуур БНАСАУ Сирид химийн зэвсэг боловсруулах эд анги нийлүүлсэн гэдгийг эрс няцааж байна.
“Бид урьд өмнө хэлсэнчлэн манай улс химийн зэвсэг боловсруулдаггүй, үйлдвэрлэдэггүй, хадгалдаггүй. Умард Солонгос химийн зэвсгийн эсрэг байдаг” гэж тус улсын Гадаад яам мэдэгдэж байна. Үүний өмнө “Нью-Йорк таймс” сонин Аюулгүйн зөвлөлийн шинжээчдийн хорооны тайланд тулгуурлан БНАСАУ Сирид химийн зэвсэг үйлдвэрлэх эд анги нийллүүлсэн тухай мэдээлсэн. Эд ангийг 2012-2017 онд нийлүүлсэн гэж сонин нотолж байгаа юм. Мөн НҮБ-д суугаа Сирийн байнгын төлөөлөгч Башар Жаафари энэ мэдээллийг няцаасан.
| БНАСАУ-тай харилцан ярилцахын гол зорилго Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох гэж АНУ, БНСУ үзэж байна | ||
| Үзсэн: 1438 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.