Шууд Chart

Пучдемон Каталони мужийн тэргүүний албан тушаалаас татгалзлаа

2018-03-03 12:02:13

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эхээр Испанийн төв Засгийн газрын шийдвэрээр Каталони мужийн тэргүүн байхаа больсон. Гэхдээ сая мужийн парламентын шийдвэрээр албан тушаалдаа сэргээгдсэн Карлес Пучдемон автономийг тэргүүлэхээс татгалзлаа. Тэрбээр “Твиттер” нийгмийн сүлжээгээр тараасан дүрс илгээлтдээ: түүний энэ алхам бол өнөөгийн бий болсон байдалд Каталони мужийн хувьд шинэ Засгийн газар эмхлэн байгуулах цорын ганц боломж гэжээ.

Пучдемон өөрийнхөө оронд одоо Испанийн шоронд салан тусгаарлах хэргээр хоригдож байгаа улс төрч Жорди Санчесыг санал болгосон байна. Пучдемон өөрөө Бельгид орогнож, нуугдаж байгаа. Эндээс ирж байгаа мэдээгээр, Каталоний парламентын гишүүд сая тогтоол баталж, Бельгийн нутаг дэвсгэрт Каталоний байнгын ассамблей ба Каталоний бүгд найрамдах улсын зөвлөлийн засаг захиргаа байгуулахаар төлөвлөсөн байсан, энэ ассамблейн тусламжтай Пучдемон бүс нутгийг зарчмын хувьд алсаас удирдах боломжтой болох байсан юм.

Испанийн ерөнхий сайд Мариано Рахой "Каталони муж аль болох хурдан Ерөнхийлөгчтэй болох ёстой. Гэхдээ тэднийг хуулийн байгууллагатай асуудалтай хүмүүс дундаас сонгох нь маш том алдаа байх болно" гэж мэдэгдсэн. Рахойн хэлж байгаагаар, Пучдемоныг сонгох нь Каталонид бий болсон байдлыг зохицуулахад тус нэмэр болохгүй байна. Испанийн Засгийн газар 2017 оны 11 дүгээр сарын эхээр Каталоний засаг захиргааг огцруулж, бүс нутгийн парламентын бүрэн эрхийг цуцалсан. Орон нутгийн улс төрчид бүс нутгийг салан тусгаарлах асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулж, тусгаар тогтносон Каталоний бүгд найрамдах улсыг тунхаглан зарлах гэж байсан нь ийм шийдвэр гаргах шалтаг болсон юм.

Испанийн Үндсэн хуулийн шүүх каталончуудын үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн. Үүний хажуугаар Испанийн шүүхийн байгууллага Каталоний 28 улс төрчийн эсрэг бослого гаргахыг завдсан, төсвийн хөрөнгө мөнгийг үрэгдүүлсэн гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Шоронд 50 жилийн ял авах байсан Пучдемон хилийн чинад руу зугтсан. Гэтэл мужид өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-нд явуулсан парламентын ээлжит бус сонгуулиар мужийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид ялж, Пучдемон тэргүүтэй Засгийн газрыг эргүүлэн томилохыг шаардаж байгаа нь энэ юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пучдемон Каталони мужийн тэргүүний албан тушаалаас татгалзлаа  
Үзсэн: 1160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй