Бүх Хятадын 13 дахь удаагийн Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулган өчигдөр Бээжин хотноо эхэллээ. Чуулган уламжлал ёсоор Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцяны Засгийн газрын үйл ажиллагааны тайлан илтгэлийг танилцуулснаар эхэлсэн байна. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Засгийн газрын өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэж, ирээдүйн зорилт, зорилгоо танилцууллаа. Энэ илтгэлд олон баримт дэлгэсний заримыг нь хэвлэлүүд ихээхэн онцолж байна.
Юуны түрүүнд БНХАУ харилцан ашигтай хамтын ажиллагаанд төвлөрч, нээлттэй эдийн засгийн бодлогоо үргэлжлүүлэх болно гэдгийг амлаад байна. Энэ онд улсын төсвөөс нийт 537.5 тэрбум юань буюу 85 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийг улс орны эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд зарцуулахад болно гэдгийг мэдэгдлээ.

Гол нь улсын төсвийн энэ санхүүжилтийг хөдөө аж ахуйн салбар болон алслагдсан нутгийнханд олгохоо онцоллоо. Ажилгүйдлийн түвшинг 5.5 хувьд барих төлөвлөгөөтэй байгаагаа, Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд онцолсон. Энэ онд 10 сая хүнээ ядуурлаас ангижруулахаа амласан. Үүний тулд Засгийн газраас 106.1 тэрбум юань хуваарилахаа, хот тосгонуудад шинээр 11 сая ажлын байр бий болгохоор төлөвлөж байгаагаа зарласан юм.
Орон нутгийн аж үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх замаар ядууралтай тэмцэхээ зарлав. Энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 6.5 хувьд хүргэхээр зорьж байгаагаа зарласны зэрэгцээ инфляцийн түвшнийг гурван хувьд хүргэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн юм.
Харин санхүүгийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьд хүргэж буулгахаар төлөвлөж буй юм байна. БНХАУ 2018 оны батлан хамгаалах зардлаа 8.1 хувиар өсгөж 1.11 их наяд юань буюу 175 тэрбум ам.долларт хүргэхээ зарласныг нь олон улсын хэвлэлүүд онцолж байна. Үүний зэрэгцээ Хятадын Ардын чөлөөлөх армийн бие бүрэлдэхүүний тоог 300 мянгаар бууруулах арга хэмжээ дууссаныг мэдэгдсэн. Мөн "Нэг бүс-нэг зам" санаачилгын хүрээнд олон улсын хамтын ажиллагааны төлөвлөгөө, гэрээнүүдийн хэрэгжилтийг хангах урт хугацаатай, найдвартай механизмтэй болохоо амлав.
Төмөр зам, авто зам барих, холбоо харилцааны сүлжээг бий болгох, цахилгаан эрчим хүчний станц, боомт, аж үйлдвэрийн паркууд, эрчим хүчний дэд бүтцийг барьж байгуулах үйл явцыг хурдасгахаа онцолсон байна. Үүний зэрэгцээ тогтвортой, тэнцвэртэй түвшинд үндэсний мөнгөн тэмдэгт юанийнхаа ханшийг барихаа, хүлээцтэй, төвийг сахисан мөнгөний бодлого баримтлахаа амлалаа. Харин БНХАУ-ын эрх баригчид нүүрс, гангийн үйлдвэрлэлээ 150.30 саяар бууруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Энэ оны эцэс гэхэд үндэсний стандарт нийцэхгүй байгаа 300 мянган киловаттаас бага хүчин чадалтай нүүрсний цахилгаан станциудыг бүгдийг хаахаа мэдэгдсэн юм. Харин өнгөрсөн жилүүдийн ололт амжилтыг дүгнэхдээ өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн хүчин чадал шинэ түвшинд хүрч чадсаныг Ерөнхий сайд Ли Кэцян тэмдэглэсэн.
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 54 их наяд юаниас 82.7 их наяд юаньд хүрснийг мэдээлсэн. Мөн дэлхийн зах зээлд Хятадын эзлэх хувь хэмжээ 11.4 хувиас 15 хувь болж өссөнийг онцолсон. Санхүүгийн орлого нь 11.7-17.3 их наяд юаньд хүрсэн.
Хэрэглээнй үнийн жилийн дундаж өсөлт 1.9 хувьд буюу харьцангуй бага хувьд байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хот тосгонуудад нийт 66 сая хүнийг ажлын байраар хангаж чадсаныг мэдээллээ.
| Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулган Бээжин хотод болж байна | ||
| Үзсэн: 1614 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.