Шууд Chart

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг Хятадын парламентийн чуулганаар батална

2018-03-06 10:00:00

Хятадын парламентын албан ёсны төлөөлөгч Чжан Есуй анхдугаар чуулганаар өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн учир хугацааг нь тав хоногоор сунгаж, энэ сарын 20-ны өдөр өндөрлөх болсныг мэдэгдсэн юм. Юуны түрүүнд улс орныг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн  төлөвлөгөөний үндсэн чиглэлүүдийг батлахын зэрэгцээ төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж, Ардын дээд шүүхийн тэргүүн, Ардын дээд прокурорын  даргын илтгэлтэй  танилцах  юм.

Гэхдээ анхаарал татаж байгаа гол сэдэв нь БНХАУ-ын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын томилгоотой холбоотой байна. Бүх Хятадын Ардын их хурлын төлөөлөгчид Си Зиньпиныг Хятадын удирдагчаар дахин таван жилийн хугацаагаар  сонгоно. Үүний дараа Хятадын даргын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг мөн л 5 жилийн хугацаатайгаар сонгоно. 

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар Ли Кэцян сонгогдоно гэдэгт эргэлзэх зүйлгүйг хэвлэлүүд энэ үеэр тэмдэглэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ асуудлыг 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, санал хураалт явуулна гэсэн тодорхой тов хэдийнэ гарчихаад байгаа юм. Харин энэ сарын 17-19-ний өдрүүдэд төр засгийн өндөр албан тушаалтнуудыг сонгож томилох үйл явц болох юм байна.

Тодруулбал, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын  хорооны гишүүд, Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны гишүүдийг сонгох юм. Мөн Засгийн газрын Шадар сайдууд, гишүүд, Хятадын  төв банк,  Хятадын  цэргийн төв  зөвлөл,  Ардын дээд  шүүх,  Ардын дээд прокурорын газрын тэргүүн нарт нэр дэвшигчдийг батлах ёстой. 

Хятадын Засгийн газрын Шадар сайдаар сонгогдох магадлалтай хүнээр Хятадын Коммунист намын төв  хорооны  сахилгын  хяналтын хорооны  дарга  асан Ван Цишанийг нэрлэж байна. Түүнийг Хятадын удирдагчийн ойрын хамтран зүтгэгч гэдэг. Харин Чжан Гаоли, Лю Яньдун, Май Кай нарыг Шадар сайдын албан тушаалаас огцорно гэсэн хүлээлт байна. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Чжан Гаолигийн оронд өнгөрсөн жил  Хятадын коммунист намын улс  төрийн товчооны байнгын хорооны долоон гишүүний нэг болсон, Шанхайн намын хорооны тэргүүн асан Хан Чжэн  сонгогдоно гэсэн таамаг байна.

Мөн Си Зиньпиний эдийн засгийн зөвлөх Лю Хэг Ерөнхий сайдын санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн Шадар сайд  болно гэж таамаглаж байна. Лю Хэ нь мөн л Улс  төрийн товчооны шинэчилсэн бүрэлдэхүүнд багтсан юм. Үүний зэрэгцээ Гуандун мужийн  намын хорооны дарга асан Ху Чуньхуа,  Улс төрийн  товчооны ганц эмэгтэй гишүүн Сунь Чуньлан нарыг Шадар сайдаар сонгогдоно гэж таамаглаж байна.  

Үүнээс гадна  орон нутгийн төдийгүй олон улсын хэвлэлд нэлээд шуугиан тариад байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг энэ удаагийн чуулганаар  хэлэлцэх гэж  байна.  Хятадын Коммунист намын  төв хорооноос  Хятадын дарга,  дэд  Ерөнхийлөгчийн  албан  тушаалыг  нэг  дор хоёр илүүгүй бүрэн эрхийн хугацаанд хашна гэсэн заалтыг хасах саналыг парламентаар хэлэлцүүлэхээр өргөн бариад буй юм. 

Энэ санаачилгыг чуулганаар баталвал Хятадын одоогийн удирдагч Си Зиньпин 2023 онд хоёр дахь бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны  дараа дахин сонгогдох боломжтой болох юм. Түүнчлэн Хятадын коммунист намын төв хорооноос Хятадын дарга Си Зиньпиний Хятад онцлогтой социализмыг хөгжүүлэх шинэ эриний тухай санаачилгыг Үндсэн хуульд тусгай заалт болгон  оруулах санал  тавьсныг  мөн  чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.  

Мөн төрийн албан хаагчид Үндсэн хуульд үнэнчээ батлан тангараг өргөх үйл явцын талаарх нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлж батлахаар  төлөвлөсөн байна.

Коммунист намын төв  хорооноос Хятадын төрийн зөвлөлийн үүрэг зорилтод байгаль орчныг хамгаалах экологийн цэвэр эдийн засгийн хөгжлийн хангахад чиглэгдсэн арга хэмжээнүүд авахыг тусгах санал гаргасныг мөн хэлэлцэхээр  төлөвлөсөн  байна. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар төрийн  хянан шалгах  хорооны тухай  хуулийн  төслийг хэлэлцэн  батална.  Үүнд бүс нутгуудын ардын төлөөлөгчдийн хурлаас  хянан шалгах хороонуудыг эмхлэн байгуулах заалт багтсан байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг Хятадын парламентийн чуулганаар батална   
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй