АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлээр эхэлсэн худалдааны түншүүдтэйгээ хийж буй татварын дайн шинэ түвшинд гарлаа. Дональд Трамп Европын орнуудаас импортлож байгаа автомашинуудаас гаалийн албан татвар авна гэж мэдэгдсэнийг "Би Би Си" бичсэн байна.
Тэрбээр бусад улс орнууд Америкчуудтай хийсэн буруу гэрээнээс болж АНУ-ыг олон жилийн туршид ашиглаж ирсэн. Энэ буруу гэрээнүүдээс болж АНУ жилдээ 800 тэрбум долларын худалдааны алдагдал амсч байгааг ч тэмдэглэн бичсэн байна. Европын холбоо АНУ-ын компаниудаас угаасаа өндөр татвар авдгаа нэмж саад тотгор тавих юм бол АНУ руу чөлөөтэй зөөдөг автомашинуудаас нь татвар авах болно гэж олон нийтийн сүлжээ болох твиттер дэх хуудсандаа бичсэн юм.
Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч ган, хөнгөн цагааны импортын татварыг нэмэхээр төлөвлөж байгаагийн эсрэг Европын Холбоо хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч ч ийм хариу барихаа илэрхийлээд байна. Европын Холбооны худалдааны байгууллагуудын удирдагчид АНУ-аас импортлож байгаа бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Энэ дагуу АНУ-ын үйлдвэрлэгчид 3.5 тэрбум орчим ам.долларын татвар төлнө гэсэн урьдчилсан тооцоо гарч байгаа юм. Хэрэв үнэхээр АНУ Европын холбооны орнуудаас тус улсын зах зээлд нийлүүлж байгаа автомашинуудаас импортын татвар аваад эхэлбэл хэн хохирох бол гэдэг асуудлыг мэргэжилтнүүд тодруулахыг чармайж байна.
АНУ бол Европын автомашин үйлдвэрлэгчдийн хувьд томоохон зах зээл. Европын орнуудад үйлдвэрлэж байгаа нийт автомашины дөрөвний нэг нь АНУ-д худалдаалагддаг бөгөөд жилдээ 237 тэрбум ам.доллараар үнэлэгддэг байна.
Түүнчлэн Европын Холбооны орнуудаас экспортлодог автомашинуудын тал хувийг Германд үйлдвэрлэдэг байна. Тиймээс импортын татвартай болсноор Герман улс хамгийн их хохирол амсахаар байна. Гэхдээ АНУ-ын эрх баригч Бүгд найрамдах намынхан гаалийн татвартай болох Ерөнхийлөгчийн санал шаардлагатай эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж, шийдвэрээ эргэн харахыг уриалж байна.
| Дональд Трамп: Импортын автомашинаас гаалийн албан татвар авна | ||
| Үзсэн: 1497 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.