Швейцарь улсад Олон нийтийн радио, телевиздээ цаашид татвар төлж байх эсэх, холбооны татвар төлж улс орны төсвийг бүрдүүлэх эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулга боллоо. Санал асуулгад оролцогчид олонхийн саналаараа “Биллаж” гэж нэрийддэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн татварыг хүчингүй болгох санаачилгыг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.
Тодруулбал, санал асуулгад оролцогчдын 71.6 хувь нь радио, телевиз болон радио, телевизийн дохио хүлээн авагч техникийг ашигласныхаа төлөө цаашид ч татвар төлөх нь зөв гэж үзсэн байна. Энэ татварын хөрөнгийг Швейцарийн олон нийтийн болон цахим мэдээллийн хэрэгслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулдаг байна.
Үйлдвэрчний эвлэлийнхэн хэвлэл мэдээллийн татварыг хүчингүй болгох нь чөлөөт хэвлэл, бие даасан сэтгүүл зүйг аюул эрсдэлд оруулна. 13 мянга 500 ажлын байрыг устгахад хүргэнэ гэдгийг анхааруулж байсан юм.
Харин дэмжигчид нь Швейцарийн олон нийтийн SRG SSR телевиз радиогийн компани иргэдийн татваргүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой. Ингэснээр төр засгаас хамаарах нь бага болно гэж үзэж байсан юм.
Мөн санал асуулгад оролцогчид нэмэгдсэн өртгийн албан татварыг хүчингүй болгох эсэхэд хариулт өгөх ёстой байсан. Швейцарийн холбооны төсвийг холбооны шууд татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрдүүлдэг. Гэхдээ татварын хувь хэмжээг 15 жилээр тогтоосон байдаг бөгөөд 2020 онд дахин шинэчлэн тогтоох эсэхээ шийдэх ёстой юм.
Тиймээс санал асуулгаар дахин 15 жил энэ төрлийн татвар авах эсэхээ иргэдээсээ асуусан бөгөөд хүн амын 84.1 хувь нь дэмжсэн санал өгсөн байна.
| Швейцарийн иргэд Олон нийтийн радио, телевизэд цаашид ч татвар төлөхөө баталлаа | ||
| Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.