2018 онд Хятад улсын батлан хамгаалах төсөв 1,11 их наяд юань буюу 175 тэрбум доллар, эсвэл 126 тэрбум фунт стерлинг байх юм байна. Энэ нь өнгөрсөн оны төсвөөс 8 хувь их байна. Цэргийн шинэ төсвийг Бээжин хотноо хуралдаж буй Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулганаар баталлаа. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян чуулганд засгийн газраас 2018 онд хэрэгжүүлэх ажлыг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг 6,5 хувьд хүргэнэ гэдгийг зарлалаа.
Мөн энэ удаагийн чуулганаар БНХАУ-ын даргын бүрэн эрхийн хугацааг сунгах хүлээлт бий, хэрэв ингэх тохиолдолд Ши Зиньпин 2023 он хүртэл тус улсыг удирдана гэсэн үг юм. Энэ төлөвлөгөөг Хятадад аль эртнээс хэлэлцэж байгаа ч бүгд бас дэмжихгүй байна. Ши Зиньпиний бүрэн эрхийн хугацааг сунгах тохиолдолд тэрбээр дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг болно. Энэ асуудлаарх санал хураалт 11-нд болно, энэ шийдвэр санал нэг дэмжигдэнэ гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Ер нь бол Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурал Хятадын Коммунист намаас гаргачихсан шийдвэрийг баталдаг гээд хэлэхэд илүүдэхгүй байх.
Энэ удаагийн чуулганыг тохиолдуулан Бээжин хотод аюужлгүй байдлын арга хэмжээг өндөржүүлээд байгаа, чуулган эхлэхийн өмнө тэрс үзэлтэн гэгддэг хүмүүсийг Бээжин хотоос хөж гаргадаг, энэ удаа ч гэсэн бас тэглээ. Хятадын эрх баригчид энэ 2018 онд: Хятад улс санхүүгийн эрсдэлд хэт өртөмтгий байгаатай тэмцэх, хүрээлэн буй байгаль орчны аймшигт бохирдолттой тэмцэх, ядууралтай хийх тэмцлийг үргэлжлүүлэх гэсэн 3 том зорилт тавьж байна. Ерөнхий сайд Ли Кэцян чуулганыг нээж хэлсэн үгэндээ: Хятадын арми тус улсын үндэсний аюулгүй байдалд орж буй гүнзгий өөрчлөлтийн өмнө чулуун хана мэт бат бэх зогсох ёстой гэдгийг онцолж, батлан хамгаалахын төсвөө өсгөж байгаа нь Хятад улсын стратегийн том амбиц гэдгийг тэмдэглэлээ. Мөн Бээжин дэлхийд хамгийн томд тооцогдох армиа байнга шинэчилж, Өмнөд хятадын тэгист болон Энэтхэгтэй залгаа хил орчмын маргаантай бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг Ли Кэцян мэдэгдлээ.
Хятадын эдийн засаг бол дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд хоёрт ордог. Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжсөн он жилүүдэд тус улсын олдон сая иргэд ядуурлаас гарч, дунд ангийн давхарга өсөн нэмэгдсээр байна. хятад улс 100 тэрбумтантай, эдгээрийн ихэнх нь Хятадын ардын зөвлөлдөх зөвлөлд багтдаг бөгөөд энэ зөвлөлийн хуралдаан бас энэ долоо хоногт болно. Ерөнхий сайд энэ онд эдийн засгийн өсөлт 6,5 хувийн түвшинд байна гэдгийг тодорхойллоо, өнгөрсөн онд Хятад улсын эдийн засгийн өсөлт 6,9 хувьд хүрсэн.
Мөн Ли Кэцян Тайваны хэт үндсэрхэг үзэлтнүүдэд Бээжин хэзээ ч ямар нэг салан тусгаарлах төлөвлөгөөг, Тайваныг тусгаар тогтноход чиглэсэн үйл ажиллагааг тэвчихгүй гэдгийг анхаарууллаа. Бээжин урьдын адил Тайваныг өөрийн нэг салшгүй хэсэг, хэзээ нэгэн цагт эргэн нэгдэх хэсэг гэж үздэг.
| Хятад улс 2018 оны цэргийн төсвөө баталлаа | ||
| Үзсэн: 1955 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.