Шууд Chart

Хоёр Солонгосын удирдагчдын холбоо барих шууд шугам нээгдлээ

2018-04-21 09:14:32

Хоёр Солонгосын удирдагчдын холбоо барих шууд шугам энэ Баасан гарагт нээгдээд байна. Энэ тухай Өмнөд Солонгосын  Ерөнхийлөгчийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ. Өмнөд болон Умард  Солонгосын удирдагчид ирэх 27-ны өдөр болох дээд уулзалтаасаа  өмнө  шууд  шугамаар  холбогдохоор тохиролцсон.  Гэхдээ  одоогоор хэдийд утсаар холбогдох тов гараагүй байна.

Мөн Умард Солонгосын тал цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах яриа хэлэлцээний хариуд Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрээс Америкийн  цэргүүдийг гарга гэдэг шаардлагаасаа татгалзсаныг БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин мэдэгдээд  байна.  Умардын  тавьж  байсан ийм шаардлагыг  АНУ  хүлээн авахааргүй байсан гэдгийг ч тэрээр онцолсон.  Харин  Умард  Солонгосын  эсрэг  дайсагнасан  бодлого  явуулахаа  зогсоож, аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхийг шаардаж байгаа аж.  Өмнөд  Солонгост 28500  харин  Японд 50  мянган АНУ-ын цэрэг байрладаг. 

Солонгосын хойгтой холбоотой  өөр нэг мэдээлэл ирж байгаа нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах  асуудал  эрхэлсэн тусгай  комиссыг НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн дэргэд  байгуулах тухай санал  санаачилга гаргасан тухай  юм. Ийм санаачилгыг  АНУ, Японы  засгийн газар   гаргаж  боловсруулж  байгаа юм байна. Тусгай  хороог  Умард  Солонгосын  цөмийн  зэвсгийг устгахад олон улсаар  хяналт  тавих  зорилгоо байгуулах нь зүйтэй  гэж  үзэж  байгаа юм.  Өмнө  нь  Иракт үй олноор хөнөөх зэвсгийг устгах  асуудал  эрхэлсэн ийм тусгай  хороог  90-ээд оны үед НҮБ-ын Аюулгүйн  зөвлөлийн дэргэд  байгуулж  байсныг хэвлэлүүд  сануулж  байна. Дараа  нь  хяналт,  шалгалт хийх НҮБ-ын хороо ч байгуулж байсан. 

Гэвч  Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд  болох АНУ,  ОХУ-ын харилцаа  муудсан  энэ цаг үед   Вашингтон  бүх санаачилгыг  гартаа  авсан Умардын цөмийн зэвсгийг устгах  үйл явцад Москва ямар түвшинд оролцох нь одоогоор тодорхойгүй  байгааг зарим хэвлэлүүд онцолж  байна.  Өмнө  нь  Умард  Солонгосын  цөмийн  хөтөлбөрийг  зогсоох тохиролцоог 2  талын болон ОХУ, Хятад,  Өмнөд Солонгос,  Японы  оролцоотой 6 талт уулзалт хэлэлцээний үеэр хийж  байсан.  Гэвч  үл  итгэлцлээс болж эцсийн  зорилгодоо хүрч чадалгүй  гацаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгосын удирдагчдын холбоо барих шууд шугам нээгдлээ  
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй