Цагаан ордныхон Оросын бизнесменүүдийн эсрэг авсан хориг арга хэмжээ зохих үр дүндээ хүрсэн гэж үзэж байна. Вашингтон цаашид иймэрхүү арга хэмжээ авах ч урьдчилж дэлхий нийтэд мэдэгдээд байх шаардлага байхгүй хэмээн Америкийн сангийн сайд Стивен Мнучин онцолсон байна.
НҮБ-ын дэргэдэх АНУ-ын суурин төлөөлөгч Никки Хейли Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа зарлана гэж өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэй уулзахдаа ийм арга хэмжээ авахаа хойшлуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор сангийн сайд Мнучин өмнөх хоригууд сайн үйлчилж байгаа учир одоохондоо нэмэлт арга хэмжээ авах шаардлагагүй байна гэсэн тайлбарыг ийнхүү хийлээ.
АНУ-ын сүүлийн хориг арга хэмжээнээс болж Оросын "Русал" компани хамгийн хүнд цохил амссанд тооцогдож байгаа юм. Хөнгөн цагааны тус компани Америкийн санхүүгийн системээс бүрэн тусгаарлагдаад байгаа юм. Үүнээс болж олон улсын зах зээл дээрх үнэт цаасных нь ханш эрс буурсан байна. Оросын засгийн газар хориг арга хэмжээнд нэр нь багтсан компаниуддаа илүү дэмжлэг тусламж үзүүлэхээ амласан. Мөн энэ компаниудын бүтээгдэхүүнээс татгалзаж байгаа банкнууд болоод хэрэглэгчдэд хатуу хариуцлага тооцох болно хэмээн Оросын аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров мэдэгдсэн юм.
Энэ хооронд АНУ, ОХУ-ын харилцааг сайжруулах асуудлыг хөндсөн чухал уулзалт болсон тухай мэдээлэл өнөөдөр мөн ирж байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон, ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Анатолий Антоновтой хийсэн уулзалт юм. Энэ үеэр Жон Болтон Америк-Оросын харилцааг сайжруулах нөхцлүүдийг нэрлэсэн байна. Тодруулбал, хоёр талын харилцааг сайжруулахын тулд юуны түрүүнд Москва Америкийн сонгуульд нөлөөлсөн, Их Британид Оросын тагнуулч хордсон асуудлаас гадна Украин, Сирийн нөхцөл байдлыг хэлэлцэх шаардлагатайг тэрээр мэдэгдсэн байна.
| Оросын бизнес эрхлэгчдийн эсрэг авсан хориг үр дүнд хүрсэн гэж үзжээ | ||
| Үзсэн: 1183 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.