Шууд Chart

Өнгөрсөн онд хэвлэлийн эрх чөлөөний түвшин Европт буурсан үзүүлэлттэй байна

2018-04-26 12:42:21

Өнгөрсөн онд Европт  хэвлэлийн эрх чөлөөний түвшин  илүү  ихээр буурсан хэмээн  "Хил хязгааргүй сэтгүүлчид" хэмээх  олон улсын байгууллагынханаас танилцуулсан илтгэлдээ  дүгнэсэн  байна.  Тус байгууллагынхан жил  бүр дэлхийн  нийт  180  оронд хэвлэлийн эрх чөлөө  ямар  түвшинд байгааг  судалж жагсаалт гаргадаг. Өнгөрсөн жилийн судалгааныхаа дүнгээр сүүлийн нэг  жилийн  хугацаанд улс  орнуудын  42 хувьд   хэвлэлийн эрх  чөлөө хумигдсан  гэдэг дүгнэлт гаргажээ.

Хэвлэлийн эрх чөлөөний түвшин нь ихээр буурсан  орнуудын жагсаалтад  багтсан 5 орны 4 нь Европынх байна. Мальта  л гэхэд хэвлэлийн эрх  чөлөөний түвшингээрээ  2016 оныхоос  18 байраар  ухарч,  65-д  оржээ. Чех улс 11 байраар ухарч 34 рүү,  Словак  10-аар  ухарч  27 руу, харин  Серби 10-аар ухарч 76-д  бичигдсэн  байна.  Эдгээр орнуудад   нэртэй улс төрчид нь  сэтгүүлчдийг гутаан доромжилж, айлган сүрдүүлдэг болсон,  хууль шүүхээр  мөрдөн шалгуулах нь ихэссэн аж.  Тайлан илтгэлээс Польш, Туркэд  мөн  хэвлэлийн  эрх  чөлөөний түвшин  буурсныг  харж болохоор  байна.

Харин Орос хэвлэлийн  эрх  чөлөөний  түвшингээрээ  148-д  бичигдсэн байна. Төрийн мэдлийн хэвлэлүүд нь засгийн газрын суртал ухуулгыг  тасралтгүй хийдэг, бие  даасан хэвлэл мэдээллийн  байгууллагууд  төр засгийн дарамт шахалтад байнга  өртдөгийг  тэмдэглэжээ.  Мөн  Орос, Хятадын  үйл  ажиллагаанаас гадна   АНУ-ын  Ерөнхийлөгч Дональд  Трампыг    хэвлэлийн  эрх  чөлөөний гол  аюул  заналхийлэл  хэмээн  "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагынхан  тодорхойлжээ.  АНУ-ын  Үндсэн хуулийн  1787 оны  анхны нэмэлт өөрчлөлтөөр   хэвлэлийн эрх  чөлөөг  тунхагласан байдаг  ч  Дональд Трамп  Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон эхний  жил  тус улсад   хэвлэл мэдээллийн  эрх  чөлөөнд  халдах явдал ихэссэнийг  энд  тэмдэглэсэн байна.

Дональд Трамп зарим хэвлэл мэдээллийн  байгууллагыг Америкийн ард түмний дайсан  хэмээн  нэрлэж  байсан.  Сэтгүүлчдийг үгээр  дайрч  доромжилсон тохиолдлууд  ч  багагүй гарсан.  Хэвлэл мэдээллийн ажилтнуудын  Цагаан ордонд нэвтрэх эрхийг нь  хүртэл  хааж,   худал мэдээлэл  цацаж  дамжуулдаг гэж  буруушаах нь ихэссэнийг тэмдэглэжээ.   Тиймээс өнгөрсөн онд  АНУ-ын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг  2-оор бууруулж  45-д жагсаасан  байна. Манай  улсын  хувьд   хэвлэлийн  эрх чөлөөний  түвшингээрээ 2 байраар  ухарч  71-т  жагссан байна.  Олон улсын  байгууллагынхан  өнгөрсөн оны  4 дүгээр сарын  26-ны  өдөр Монголын телевизүүд  иргэдийн  мэдэх эрхэнд ноцтой  аюул учирсныг сануулан  эсэргүүцлээ илэрхийлж байсныг  энд тэмдэглэсэн байна.

Тухайн үед Монголын телевизүүд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх болсныг эсэргүүцэн “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” хэмээн бичиж, мэдээллийн хөтөлбөр гардаг 20:00-21:00 цагийн хооронд эфирээ хааж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.  Мөн  "Хил хязгааргүй сэтгүүлчид" байгууллагын тайланд  Монгол  Улсын  хэвлэл мэдээллийн ажилтнуудын  тал хувь нь  цензурт  өртөж байгааг тэмдэглэсэн байна.  Хэвлэл мэдээллийн  хэрэгслүүд  сүүлийн  үед өөрчлөгдөн  шинэчлэгдэж байгаа ч ихэнх  хэвлэл  улс  төрийн намууд, улс төрчидтэй  холбоотой  байгааг онцолжээ.

Харин хэвлэлийн эрх чөлөөний рейтингээрээ Норвеги тэргүүлсэн хэвээр байна.  Швед, Нидерланд, Финланд улс  удаах   байруудад  нь  жагсчээ.   Хэвлэлийн  эрх чөлөөний түвшингээрээ  180 орноос  манай  урд  хөрш  176-д  бичигдэж байна.  Турк  177, Туркменистан  178,  Эритрей 179-д  бичигдсэн байгаа бол  Умард Солонгос сүүлийг нь мушгисан байна.  Түүнчлэн хэвлэлийнхний хувьд  хамгийн аюултай  газраар  Сири  нэрлэгдсэн хэвээр  байна. Өнгөрсөн онд тус улсад  13  сэтгүүлч  ажил үүргээ гүйцэтгэж яваад  энэ  улсад амиа алдсан бол  20 гаруй сэтгүүлч  зэвсэгт бүлэглэлүүдэд  барьцаалагджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнгөрсөн онд хэвлэлийн эрх чөлөөний түвшин Европт буурсан үзүүлэлттэй байна  
Үзсэн: 1675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй