Интернет худалдааны томоохон компани болох “Амазон” компани үйлчлүүлэгч, худалдан авагчиддаа зориулан шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ бол “Амазон кэй ин кар” нэртэй аппликейшн юм. Тодруулбал, Амазоны худалдан авагч хүссэн бараагаа цахим сүлжээгээр захиалан худалдан аваад шууд автомашиндаа болон гэртээ хүргүүлэх үйлчилгээ. Гэхдээ захиалсан бараагаа авах гэж хүргэлтийн ажилтантай уулзах шаардлагагүй. Амазоны хүргэгчид таны ухаалаг гар утаснаас зөвшөөрөл авсныхаа дараа автомашин болон, гэрт чинь тухайн барааг оруулах юм. Ажил ихтэй завгүй хүмүүст хамгийн хэрэгцээтэй үйлчилгээ болсон байна.
Худалдан авагчдын автомашинд ачаа барааг эзний оролцоогүйгээр хийж өгөх энэ үйлчилгээ мэдээж эхний ээлжид АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрч байгаа. Энэ үйлчилгээг авахын тулд үйлчлүүлэгчид ухаалаг гар утсандаа кэй ин кар апп-ыг суулгана. Энэ үйлчилгээг Жэнэрал моторс болон Волво компанитай хамтран хэрэгжүүлж байгаа. Тийм учраас зөвхөн энэ хоёр загварын автомашинтай худалдан авагчид эхний ээлжид энэ шинэлэг үйлчилгээний анхны хэрэглэгчид болно.
Энэ хоёр загварын автомашин 2015 оноос хойш үйлдвэрлэгдсэн байх шаардлагатай төдийгүй Он стар болон Волво он колл үйлчилгээнд бүртгэгдсэн байх хэрэгтэй юм. Эх сурвалжуудын мэдээлсэнээр, АНУ-ын 37 хотын оршин суугчдад энэ үйлчилгээ нээлтэй гэжээ. Амазон компанийн хууль дүрмийн дагуу бол тухайн худалдагдсан бараа 65/ 55/ 40 см-ийн хэмжээтэй 23 кг хүртэлх жинтэй автомашины арын тээшинд багтаж байх шаардлагатай юм. Энэ шинэ апп-ны үйлчилгээг хагас жилийн гаруйн хугацаанд Вашингтон болон Калифорнид амжилттай туршсан байна. үйлчилгээний сарын суурь хураамж нь 10,99 ам.доллар гэжээ. Амазоны хүргэгч ажилтан тухайн худалдан авагчийн автомашиныг жи-пи-эсийн тусламжтайгаар байршлыг нь олж улсын дугаар, загвар төрлөөр олж очоод апп-ны тусламжтайгаар автомашины арын тээшийг онгойлгон бараагаа хийгээд буцаагаад хаадаг байна.
Хаасныхаа дараа автомашин цоожлогдсон эсэхийг шалгасныхаа дараа худалдан авагчруу таны захиалсан бараа автомашинд чинь байгаа, машины хаалга цоожтой үлдсэн тул аюулгүй гэсэн утгатай илгээмж явуулдаг байна. Үүнээс гадна гэрийнхээ хаалгыг ч онгойлгох зориулалтын ийм үйлчилгээг танилцуулсан. Энэ бол 250 ам.долларын үнэтэй ин хөөм кит нэртэй цоожны системийн төхөөрөмж юм.
Мэдээж амазонд л хамааралтай. Энэ хаалганы төхөөрөмж, камер, шөнийн камертай, дүрс бичлэгийг фүлл эйч-дигээр бичиж үлдээдэг. Одоо захиалсан бараагаа авахын тулд өөрийн биеэр хүргэгчийг тосож очих шаардлагагүй болжээ.
| Amazon компани худалдан авагчиддаа “Amazon key in-car” апп үйлчилгээг нэвтрүүллээ | ||
| Үзсэн: 1635 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.