АНУ БНАСАУ-тай огт тоглоогүй гэж Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд, түүний Умард Солонгосын удирдагч Ким Жон Ын-тай хийх уулзалт 3-4 долоо хоногийн дараа болно гэдгийг онцоллоо. Түүний хэлснээр, яг одоо Умард Солонгост сайн зүйл ар араасаа болж байгаа ч АНУ Умард Солонгостой огт тоглоогүй юм байна.
Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ, “3-4 сарын өмнө өөрийг нь шүүмжилдэг хүмүүс Умард Солонгосын талаар баримталж байгаа АНУ-ын бодлого эцэстээ цөмийн дайнд хүргэнэ” гэж байсныг сануулж, “энэ бол үгүй юм, бид гагцхүү хүч хэрэглэснээр дайн дэгдээхгүй байж чадна” гэдгийг мэдэгдлээ. Мөн тэрбээр, түүний Ким Жон Ын-тай хийх уулзалт 3-4 долоо хоногийн дараа болно гэдгийг мэдэгдсэн байна. Өнгөрсөн баасан гарагт Ким Жон Ын хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин-тэй уулзаж, цэрэггүй бүсийг заагладаг хилийн шугамыг давж, Өмнөд Солонгост нэвтэрсэн умардын анхны удирдагч болсон. Дээд хэмжээний түүхэн уулзалтын дүнд хамтарсан тунхаг бичиг баталж, БНАСАУ болон БНСУ хоёр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, орон хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, хоёр орны цэцэглэн хөгжилт, энх тунх мөр зэрэгцэн оршин тогтнохын төлөө хамтран тэмцэнэ гэдгээ тунхагт тусгалаа.
Тун удахгүй АНУ-ын ерөнхийлөгч Трамп удирдагч Ким Жон Ын-тай уулзахаар төлөвлөсөн байгаа. Хоёр удирдагч хаана уулзахыг одоогоор товлоогүй байгаа ч “Си-Би-Эс” телевизийн Америкийн засаг захиргаан дахь 2 эх сурвалжийн хэлснээс иш татсанаар: ерөнхийлөгч Трамп болон умардын удирдагч Ким Жон Ын-ы уулзалт нэг бол Монголд, эсвэл Сингапурт гэсэн хоёр хувилбар үлдээд байгаа юм байна.
| АНУ БНАСАУ-тай “тоглоогүй” гэж Трамп мэдэгдлээ | ||
| Үзсэн: 1642 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.