АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хоёр Умард болон Өмнөд Солонгосыг заагладаг хилийн цэрэггүй бүсийн Панмунжон сууринд уулзах магадлал өндөр байна. АНУ-ын “Си-Эн-Эн” телевиз энэ тухай уламжиллаа. Телевизийн авсан мэдээгээр, хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалтыг энэ сууринд хийх асуудал нэлээд өргөн яригдаж буй юм байна.
Мөн энэ уулзалттай холбоотой зарим нэг арга хэмжээ цэрэггүй бүсийн Умардын хэсэгт болох зүйл ч яригдаж байна. Телевизийн мэдээгээр, Трамп уулзалтын явцад цэрэггүй бүсийн Умардын талд байрлах нэг ордонд очиж магадгүй байгаа юм байна. “Си-Эн-Эн” телевизийн нотолж байгаагаар сая Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Умардын удирдагч Ким Жон Унтай уулзахдаа Панмунжон суурин бол ийм уулзалт хийх хамгийн боломжит хувилбар гэдгийг түүнд ятгаж чадсан бололтой.
Мун Жэ Ин Панмунжон суурины давуу талыг нэрлэхдээ Ким Жон Унд өөрт нь ийшээ хүрч очиход хялбар, мөн сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн төв, шаардлагатай тоног хэрэгсэл бүгд бий гэжээ. Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн “Твиттер” хуудсандаа уулзалтыг Панмунжон сууринд хийхийн төлөө гэдгээ илэрхийлж, энэ асуудлыг Мун Жэ Интэй хэлэлцсэн гэдгээ ч хэлсэн. “Уулзалт хийх газарт олон орон яригдаж байгаа. Умард болон Өмнөд Солонгосын хил дээр Энх тайвны ордон-эрх чөлөөний ордон гэх нэртэй байр байхад бид уулзалтыг заавал гуравдагч оронд хийх шаардлага байна уу” гэж Трамп “Твиттер” хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр өчигдөр "Цагаан ордон"-д Нигерийн Ерөнхийлөгч Мухаммад Бухаритай уулзасныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр бас энэ талаар хөндөж ярьсан. Дональд Трамп "Та Ким Жон Ун-ай уулзана гэдэгтээ итгэлтэй байна уу" гэсэн асуултад "Би уулзахыг хүсэж байна. Уулзалт болно гэж бодож байгаа. Уулзалт амжилттай болно гэдэгт найдаж байгаа ч харж байж болъё” гэж хариулсан байна. Ингэхийн сацуу “Хэрвээ уулзалт амжилтгүй болвол өөрөөр хэлбэл, Пхеньян цөмийн зэвсгээсээ ангижрахыг хүсэхгүй байвал би уулзалтыг орхин гарна гэдгээ АНУ-ын засаг захиргааны тэргүүн дахин санууллаа.
Трампын хэлж байгаагаар АНУ БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийсэн он жилүүдэд хэзээ ч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох асуудалд өнөөгийнх шиг ингэж ойртон ирж байгаагүй юм байна. Трамп цааш нь хэлэхдээ “Юу болохыг харцгаая. Би “хэн мэдлээ хэн мэдлээ” гэдэг үгийг маш их хэлдэг. Зарим нэг зүйл гэнэт өөрчлөгддөг ш дээ” гэсэн байна.
Гэхдээ Трампын хэлж байгаагаар “БНАСАУ-ын эрх баригчид амлалтаа биелүүлж байна. Ким Жон Ун өнөөдөр урьд өмнө байгаагүйгээр маш их нээлттэй, шулуун шударга байна. Тэрбээр цөмийн туршилтын талбайгаа устгаж, баллистик пуужин болон цөмийн туршилтаасаа татгалзаж байна. Энэ хүн урьд өмнө хэзээ ч ийм урт удаан хугацаанд энэ бүгдээс татгалзаж байгаагүй. Иймээс удахгүй болох үйл явдлууд бүгдийг харуулах” юм байна.
| Дональд Трамп, Ким Жон Ун нар Панмунжон сууринд уулзаж магадгүй | ||
| Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.