БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ли Ён Хо, БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И нар Пхеньянд уулзаж, Солонгосын хойгийн байдлыг хэлэлцлээ. Яриа хэлэлцээгээр талууд Хятад, Солонгосын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хоёр орны удирдагчдын Бээжин хотод хийсэн уулзалтын дагуу шинэ шатанд гаргах асуудлыг хөндөхөөс гадна Солонгосын хойгт бий болсон өнөөгийн байдал болон бусад асуудлыг хэлэлцэж, санал солилцжээ.
Ноён Ван И айлчлалынхаа хүрээнд Хятад, БНАСАУ-ын найрамдлын хөшөөний цогцолборт очихын хамт Ким Ир Сэн болон Ким Чен Ир-ын хүрэл хөшөөнд цэцэг өргөжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, хятадын гадаад хэргийн сайд Пхеньянд хийсэн яриа хэлэлцээнийхээ үеэр Пхеньян болон Вашингтон хооронд харилцан яриа амжилттай явагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна Ван И, Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгоход чиглэсэн БНАСАУ-ын хүч чармайлтыг бүх талаар дэмжиж байгаагаа мэдэгджээ.
Эртнээс найрсаг, уламжлалт харилцаа холбоотой байсан хоёр орны харилцаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан тогтоолын дагуу Хятад улс БНАСАУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг дагаж эдийн засгийн хоригоо чангатгаснаас болж эрс муудаад байсан. Гэвч умардын удирдагч Ким Жон Ын өнгөрсөн 3 дугаар сард Бээжинд айлчилснаар Хятад, Умард Солонгосын харилцааг шинэ шатанд гаргах эхлэл тавигдсан юм. Энэ айлчлал Ким Жон Ын-ы хувьд 2011 онд эцэг Ким Чен Ир насан өөд болсны дараа БНАСАУ-ыг тэргүүлэх болсноос хойш хилийн чанадад хийж байгаа анхны айлчлал нь байсан, тэрбээр Ши Зиньпинийг Пхеньянд айлчлахыг урьж, БНХАУ-ын удирдагч урилгыг нь хүлээн авсан юм.
| БНХАУ, Умард Солонгосын гадаад хэргийн сайд нар Солонгосын хойгийн байдлыг хэлэлцлээ | ||
| Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.