Франц улс Парист 2015 оны 11 дүгээр сард гарсан террорист халдлагын талаарх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийг буруушааж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп зэвсгийн худалдаа, эзэмшилтэй холбоотой асуудлыг хөндөж ярихдаа "Францад зэвсэг эзэмших зөвшөөрлийг иргэддээ олгодог байсан бол 2015 онд гарсан халдлагаас болж амиа алдсан хүний тоо бага байх байсан" гэж мэдэгдсэн юм.

Харин Францын эрх баригчид түүний энэ зүйрлэлийг зохисгүй хэмээн үзэж тэрхүү халдлагын уршгаар амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд хүндэтгэлтэй хандахыг Ерөнхийлөгч Дональд Трампаас шаардсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч тус улсын үндсэн хуулийн хоёр дахь нэмэлт өөрчлөлтийн үр дүнд галт зэвсэг эзэмших, хадгалах, биедээ авч явах америкчуудын эрхийг хамгаалах болно гэдгээ Далласт болсон Үндэсний буудлагын ассоциацийн гишүүдийн хуралдааны үеэр мэдэгдсэн юм.
Мөн тэрбээр галт зэвсэг авч явахыг хориглосон газруудад ийм төрлийн зэвсэг ашигласан халдлагууд гарч байгааг сануулсан байна. Харин тэрбээр Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан сургуулийн орчныг аюулгүй болгох зориулалтаар хоёр тэрбум ам.доллар хуваарилахыг дэмжиж байгааг баталсан.
Энэ хөрөнгө мөнгийг сургуулиуд дээр металл илрүүлэгч тавих, хамгаалалтыг чангатгах, сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг шалгах зэрэг ажилд зарцуулахаар төлөвлөж буй юм байна. Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп багш нар нууц зэвсэгтэй байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа дахин илэрхийлсэн юм.
| Халдлагаас болж амиа алдсан хүмүүсийн дурсгалд хүндэтгэлтэй хандахыг Дональд Трампаас шаарджээ | ||
| Үзсэн: 936 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.