АНУ Умард Солонгосын анхны дээд уулзалттай холбоотой мэдээллийг олон улс чих тавин хүлээж байна. Умард Солонгос сүүлийн үед багагүй буулт хийсэн. Гэвч энэ түүхэн дээд уулзалтаас өмнө АНУ-ын зүгээс Умард Солонгост дарамт шахалт үзүүлж, цэргийн хүч хэрэглэхээр сүрдүүлж байна гэж Пхеньян шүүмжилсэн байна.
Тодруулбал, Умардын Гадаад хэргийн яамнаас АНУ цөмийн зэвсгээсээ татгалзвал хариуд нь хориг арга хэмжээгээ өргөжүүлэхгүй хэмээн Умард Солонгосыг санаатайгаар өдөөн хатгаж байна гэж шүүмжилсэн байна.
Мөн Вашингтон Умардын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, шахалт үзүүлсний үр дүнд тус улс цөмийн зэвсгээсээ татгалзах амлалт өгсөн гэж олон нийтэд ташаа мэдээлэл түгээж байна гэж буруушаасан байна. Түүнчлэн АНУ Солонгосын хойг руу нэмэлт техникүүдээ илгээж, нөхцөл байдлыг муутгаж байна гэдгийг сануулсан байна.
Энэ бүхнийг яриа хэлэлцээний уур амьсгалыг эвдэх гэсэн аюултай оролдлого гэж үзэхээс өөр аргагүй гэж Умард Солонгос үзэж байна. Мөн Умард Солонгосын энх тайванч төлөвлөгөөг сул доройгийн илрэл гэж үзэж цэргийн болон бусад шахалт дарамт үзүүлж байгаа нь алдаа гэдгийг Умард Солонгос анхааруулсан байна.
Ийнхүү АНУ, БНАСАУ-ын дээд уулзалт ойрын долоо хоногт болох гэж байхад Умард Солонгос АНУ-ын эсрэг ширүүхэн шүүмжлэл бүхий мэдэгдэл хийгээд байна. Уг нь хоёр Солонгосын болон АНУ, Умард Солонгосын дээд уулзалтуудын бэлтгэл ажил хангагдаж байх үед буюу өмнө нь Умард Солонгосын тал ямар нэгэн шүүмжлэлт мэдэгдэл хийхээс зайлсхийж байсан юм.
Тиймээс энэ мэдэгдлийг нь АНУ, Умард Солонгосын уриа хэлэлцээ амаргүй байх болно гэдгийг л сануулсан хэрэг боллоо гэж ажиглагчид дүгнэж байна.
| Пхеньян: АНУ Умард Солонгост дарамт шахалт үзүүлж, цэргийн хүч хэрэглэхээр сүрдүүлж байна | ||
| Үзсэн: 2891 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.