Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ Ираний цөмийн хөтөлбөртэй холбоотой олон талт гэрээнээс гарах нь дайнд хүргэж болзошгүй гэдгийг анхааруулсан байна. Тэрбээр Германы "Шпигель" сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр ингэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Францын Ерөнхийлөгч АНУ-д айлчлах үеэрээ энэ гэрээнээс татгалзахгүй байхыг Ерөнхийлөгч Трампад уриалсан. Герман, Их Британи, НҮБ ч 2015 онд байгуулсан энэ гэрээнээс АНУ гарах ёсгүй хэмээн үздэг юм. Ираний Ерөнхийлөгч Хассан Роухани ч гэрээг эргэн харахыг огт хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж ирсэн төдийгүй ийм санал санаачилгыг хууль бус гэж тодорхойлж байсан юм. Хэрвээ АНУ энэ гэрээнээс дангаар гарвал хариуд нь авах арга хэмжээний төлөвлөгөө Иран улсад бий гэдгийг тэрбээр мөн сануулсан.
Гэрээнд нэгдсэн улс орнууд Иранийг хүлээсэн үүргээ биелүүлж байгаа гэж баталдаг. Үүний үр дүнд баяжуулсан уран үйлдвэрлэх хүчин чадлаа аажмаар бууруулж байгаа гэж үздэг юм. Ираний цөмийн хөтөлбөрийг зогсооход чиглэгдсэн гэрээнд Иран, АНУ-аас гадна БНХАУ, ОХУ, Герман, Франц, Их Британи улсууд ч гарын үсгээ зурцгаасан.
Энэ гэрээний дагуу Иран цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоосны хариуд эдийн засгийн хориг арга хэмжээгээ цуцлуулах болсон. Мөн Иран баяжуулсан ураны нөөцөө багасгаж, зэвсгийн уран үйлвэрлэхээ зогсоох амлалтаа энэ гэрээгээр өгсөн юм.
Европын орнууд энэ гэрээг нь олон улсын аюулгүй байдлыг хангах чухал хүчин зүйл хэмээн тодорхойлдог. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа, Израилын эрх баригчид бол энэ гэрээг Иран цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээсээ бүрэн татгалзсан гэсэн баталгаа болж чадахгүй байна гэж үздэг юм.
| Эммануэль Макрон: АНУ Ираний цөмийн хөтөлбөртэй холбоотой гэрээнээс гарах нь дайнд хүргэж болзошгүй | ||
| Үзсэн: 1131 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.