Вашингтон болон Сөүлийн албаны хүмүүс АНУ-ын цэргийг Өмнөд Солонгосоос гаргаж болзошгүй асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсээр байна. “Уолл стрийт жорнэл” сонин энэ тухай уламжилж байна.
Сонины мэдээлснээр саяханыг хүртэл АНУ болон Өмнөд Солонгост энэ сэдвийг хөндөхийг хориглодог байсан ч Умардын удирдагч Ким Жон Ун, Ерөнхийлөгч Трамп нар уулзаж магадгүй болсноор энэ асуудал ийнхүү эн тэргүүнд хэлэлцэх асуудлын нэг болоод байна.
БНАСАУ-ын асуудал эрхэлсэн шинжээчдийн үзэж байгаагаар Ким Жон Ун Трамптай хийх уулзалтаар АНУ-ын цэргийг Өмнөд Солонгосоос гаргах асуудлыг хөндөх юм байна. Гэтэл Ерөнхийлөгч Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон, Пентагоны төлөөлөгчид болон Өмнөд Солонгосын эрх баригчид Вашингтон, Пхеньян хоёр АНУ-ын цэргийг Өмнөд Солонгосоос гаргах асуудлаар яриа хэлэлцээ хийж байна гэдгийг эрс няцааж байгаа юм.
Мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис өнгөрсөн дөрөвдүгээр сард “Сөүл, Пхеньяны хооронд энхийн гэрээ байгуулах нь АНУ-ын цэрэг цаашид Өмнөд Солонгост байх хэрэггүй гэсэн үг үү” гэх асуултад шууд хариулж чадаагүй.
Пентагоны тэргүүн энэ асуудлыг Вашингтон эхлээд холбоотнуудтайгаа хэлэлцэж байж шийд гаргана гэж хариулж байсан. Ерөнхийлөгч Трамп энэ талаар өмнө хийж байсан мэдэгдлийг санах нь зүйтэй болов уу.
Трамп “Вашингтон жил бүр Өмнөд Солонгост байрлаж байгаа АНУ-ын цэргийн зардалд 1.2 тэрбум доллар зарцуулдаг. АНУ үүний хариуд бараг юу ч олж авдаггүй” гэж мэдэгдсэн.
Зарим нэг мэдээгээр Трамп үүний өмнө Пентагонд Өмнөд Солонгост байрлаж байгаа АНУ-ын цэргийн тоог ядаж цөөрүүлэх төлөвлөгөөг боловсруулах үүрэг өгсөн байдаг. Гэвч нэг их удалгүй Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон энэ мэдээллийг “ор үндэсгүй” гээд Ерөнхийлөгч Пентагоноос ийм зүйл хүсээгүй гэж мэдэгдсэн.
| Вашингтон болон Сөүл АНУ-ын цэргийг Өмнөд Солонгосоос гаргах асуудлыг хэлэлцэхэд ойртсоор байна | ||
| Үзсэн: 2335 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.